Иргэд Мандалговио тэнгэрээс тольдон аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-11 22:34:24
Дундговь/МОНЦАМЭ/ Төрөлх хотоо тэнгэрээс харах таатай аялалыг аймгийн Нисэх буудлын хамт олон Мандалговийн иргэдэд санал болгож байна. Энэ ням гаригт товлоод байгаа хөнгөн онгоцны нислэгийн талаар Нисэх буудлын аэродромын техникч Ж. Мөнхтөрөөс тодруулахад, Монголын Нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, Мандалговь нисэх буудал байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж “Тэнгэрийн аялал”- ыг орон нутагтаа анх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Цаг агаарын нөхцөл байдал ням гариг буюу энэ сарын 14- ны өдөр тогтуун, 27 градусын дулаан, бага зэргийн сэвэлзүүр салхитай байх тул нислэг үйлдэхэд тохиромжтой хэмээн сонгож, аялалыг товлосон” гэлээ.
Хөнгөн онгоцны  нислэгийг "X-team"  ХХК- ийн “Нислэг” төвийн нисгэгчид үйлдэх юм байна. Нэг удаагийн нислэг 10 минут үргэлжлэх бөгөөд онгоцонд нэг зорчигч сууж аялна. Ингэхдээ 50 мянган төгрөгийн такс төлөх ажээ. Аяллыг өнөөдөр зарласнаас хойш 20 гаруй хүн бүртгүүлсэн байна.
 
Т. Отгонтуяа
Related news