Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 заалт хэрэгжих боломжгүй болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-11 12:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Уг хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандав. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байхад дайруулж орж ирлээ хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Л.Болд гишүүнтэй санал нэг байна. Өргөн бариад маргааш нь байнгын хороогоор хэлэлцээд, шууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Миний санаачилж байгаа хуулиуд хоёр гурван сар хэлэлцүүлээд явж байгаа. Яагаад ийм ялгавартай хандаж байна вэ? Энэ хуулийн төслийг уншиж танилцах хугацаа ч байхгүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төслийг яаралтай оруулж ирэх ямар үндсэн шалтгаан байна вэ. Хуулийн төсөлд Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Гэтэл одоо талаас илүү нь хүчингүй болж байна гэхээр энэ хуулийн хэрэг байна уу. Хоёрдугаарт байнгын хороогоор хэлэлцсэн дүгнэлтийг ч унших зав өгөхгүй байна” гэлээ.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулт өгөхдөө “Засгийн газрын үйл ажиллагааг хялбаршуулж өгөх гэсэн зүйл хуулийн төсөлд байхгүй. Одоо мөрдөж байгаа хуулийг баримтлан хуулийн төслийг өргөн барьж байгаа. Хууль тогтоомжийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ч Төсвийн тодотгол болон ОУВС-ийн хөтөлбөртэй холбогдуулан 16 заалт хэрэгжих боломжгүй хасагдаж байгаа. Тиймээс 9 заалт нэмж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэж тайлбарлаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдээс дурдвал, хуулийн 12 дугаар зүйлд заасан зургаан аргачлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газраас боловсруулж УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамаарахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал дүгнэлт гарсан асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал хамаарахгүй байх зохицуулалтыг 12.3 дахь хэсэг болгон нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг аль шатанд, хаана баримтжуулж, хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог хянах, баримтжуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байна хэмээн үзсэн байна. Үүнийг арилгах үүднээс хуулийн төсөлд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлуулахаар хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн талаарх судалгаа, үнэлгээний тайланг, харин хууль тогтоомжийн төслийг хамтад нь ирүүлж байх зохицуулалтыг нэмж тусгажээ.

Тодорхой салбарын хооронд уялдаа холбоотой хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор байсныг өөрчилж хууль санаачлах эрх бүхий гурван субьектын аль нь ч санаачилж болохоор хуулийн 26 зүйлийн 26.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Мөн хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нь аливаа нэг зохицуулалтыг дуусгах үр дагавартай тул хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн төрлөөс хасаж, хуулийн төслийн төрөлд бие даасан төрөл болгож хамруулахаар тусгасан аж. Хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх хугацаа нэг жил байсныг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш таван жил тутам, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгажээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news