Говийн бүсийн архивчдаас ур чадвараараа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-08 14:03:14
Дундговь/МОНЦАМЭ/ Говийн бүсийн аймгуудын төрийн архивчдын ажил мэргэжлийн уралдаанаас Дундговь аймгийн архивч Ч. Оюунсайхан тэргүүн байрын шагналтай ирлээ. Тэрээр ирэх намар улсын уралдаанд говийн бүсээ төлөөлөн оролцохоор болжээ.
Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд говийн бүсийн аймгийн архивчдын дунд “Архивч 2017” ажил мэргэжлийн уралдааныг Даланзадгад хотод зохион байгуулсан нь энэ бөгөөд үүнд Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн архивчид онолын мэдлэг болон ажил мэргэжлийн ур чадвараараа өрсөлджээ.
Уралдаанд тэргүүлсэн архивч Ч. Оюунсайхан Дундговь аймгийн төрийн архивын сан хөмрөгчөөр 24 дэхь жилдээ ажиллаж байгаа, ажил мэргэжлийн хувьд туршлагажсан архивчдын нэг юм. Тэрээр, “Хэдий их ачаалалтай ажилладаг ч ардаа үлдэх бүтээлтэй, тэр  нь он цагийг “өлгийдөж” тавьсан маш чухал бүтээл байдаг учраас би ажилдаа дуртай. Амьдрал ус мэт урсан одоход архив уул мэт сүндэрлэдэг гэдэг. Тэр уулыг гараараа сүндэрлүүлж байгаа архивчдын хөдөлмөр үйлс нөр их” хэмээн сэтгэгдэл хуваалцсан юм.
Түүний ажилладаг Дундговь аймгийн Төрийн архивт 105 хөмрөг үүсгэгч байгууллагын 30 гаруй мянган хадгаламжийн нэгж хадгалагдаж байна. Жилд дундажаар 1200 гаруй хадгаламжийн нэгж хүлээн авдаг ажээ.
 
Т. Отгонтуяа  
Related news