“Тохилог орчин-Эко хороолол” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 09:01:52
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Дархан хотын Захирагчийн албанаас өмнө нь “Тохилог хороолол” төслийг танилцуулж дахин боловсруулахаар буцаагдаж байсан бол энэ удаагийн хуралд “Тохилог орчин-Эко хороолол” дэд хөтөлбөр нэртэйгээр дахин оруулж хэлэлцүүллээ. Уг хөтөлбөрт өмнө нь Тэргүүлэгчдээс гаргасан саналуудыг тусгаж дахин боловсруулснаар нэн тэргүүнд судалгааны ажлуудыг хийсэн байна.
Үүнд мэдээллийн сан бүрдүүлснээр гэр хорооллын нөхцөлийг сайжруулахтай холбогдсон зураг төсөв, хогны менежментийг боловсронгуй болгож гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулах зэрэг үндсэн дөрвөн зорилт дэвшүүлжээ. Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороололд гэрэлтүүлэг болон камержуулалт хийгдэж авто замын чиглэл оновчтой болж олон салаа замууд арилж сайжруулсан шороон зам тавигдаж хөрсний элэгдэл багасна. Мөн хог хаягдалд тавих иргэдийн хяналт сайжирч хур хоггүй болж хогны хураамжийг өрх бүрээс авдаг болж зөвшөөрөлгүй буух, хашаа сунгах зэрэг зөрчлүүд арилж хаягжилт бүрэн шийдэгдэнэ. Түүнчлэн иргэдийн санал санаачлагад тулгуурлаж ногоон байгууламж хийгдэж айл өрхүүдийн хашааны өнгө үзэмж сайжирч хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай, жижиг гүүр, гарцтай болох зэрэг олон талын бодит үр дүн гарна” гэж танилцууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд “Тохилог орчин-Эко хороолол” хөтөрбөр нь гэр хороололд амьдарч байгаа иргэдийн идэвх санаачлагыг дэмжиж тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзэж баталлаа.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
Related news