“Бурхантын хөндий”-д цуур хөгжим эгшиглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 08:54:31
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөр, Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Музейн “2016-2017 онд хийх эрдэм шинжилгээ судалгааны ажил”-ын хүрээнд “Монгол цуур” сургалтыг явуулж байна. Уг сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын сурагчдаас сонголт хийж “Монгол цуур” хөгжмийн боловсролыг хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй сургах ажлыг эхлүүлжээ.
Цаашид сургалтаа үргэлжлүүлж бусад сургуульд тус хөгжмийг сурталчилж түгээх аж. Аймгийн Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг: “Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн түүх соёлын  дурсгалаа хайрлан хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх нь энэ сургалт судалгааны ажлын хамгийн том зорилго. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устахаас сэргийлж, хамгаалан хөгжүүлж хойч үедээ өвлүүлж сургах нь бидний зорилго. Тиймээс бид Дархан-Уул аймагт амьдарч буй өв тээгчдийн судалгааг гаргаж цуур хөгжмийн өвлөн уламжлагчаар бүртгэсэн. Цуурыг үлээж ая дарах тусгай техниктэйгээрээ онцлогтой хөгжим. Бид сургалтын хэрэглэгдэхүүн болгож 10 цуурыг ашиглаж Монгол цуурч Б.Наранбатын удирлагад сургалтыг эхлүүлсэн. Сургалтыг дунд болон сүүлийн шатанд Залуучууд театрын морин хуурч н.Мөнгөншагайгай багшилж байна. Мөн Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагчдын дунд хоёр үе шаттай үнэ төлбөргүй сургалтыг заалаа. Анхан шатанд нийт 60 сурагч хамрагдсанаас шигшигдэж хоёрдугаар үед 10 гаруй сурагч оролцож аймгийн Музейн батламж авав. Цаашид Бурхантын хөндийд цуур хөгжмийг эгшиглүүлж дэлгэрүүлэх зорилгоор энэ ажлыг хийж байна” гэв.
Энэ ажилд 16 дугаар сургуулийн 9а ангийн сурагчид оролцсоноос найман сурагч анхан шатны сертификат гардлаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Related news