Оюутнууд хоёр төрлийн хогийн сав хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-01 11:11:38
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч З.Бадрал нарын дэмжлэгээр “Хоггүй Дархан” уриан дор аймгийн “Оюутны холбоо” аж ахуй нэгж байгууллагуудыг хогийн савжуулах аян эхлэв. Импортоор орж ирсэн хогийн савыг бодвол чанартай, хямд өртөгтэй хогийн савыг оюутнууд өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийж байгууллагуудад худалдахаар болжээ.
Оюутан залуусын санаачилсан энэхүү аянд иргэд нэгдэж импортоор орж ирсэн ижил хэмжээтэй хогийн савнуудаас 70-100 мянган төгрөгөөр хямд үнэтэй хогийн сав худалдаж авахыг санал болгож байна. Дархан хотын хэмжээнд хог хаягдал түр хадгалах 85 орчим хогийн сав байдаг ч ам нь задгай, хэмжээ нь бага, хогийг нь авч тээвэрлэхэд хүндрэлтэй, стандарт шаардлагад нийцдэггүй гэсэн судалгааг оюутнууд өөрсдөө гаргаж “Хоггүй Дархан” уриан дор хогийн савжуулах аянаа эхлүүлэхээр болсноо ярилаа.
Оюутнуудын санаачилсан энэхүү аяныг орон нутгийн засаг захиргаа дэмжиж байна. Тус хогийн савыг аж ахуй нэгж байгууллагуудад нийлүүлснээр Дархан хотын өнгө үзэмж нэмэгдэх, хэрэглэгчдийн хогоо хогийн саванд тогтмол хаяж хэвшиж хөрсний бохирдлыг багасгаж ирээдүйн цэвэр цэмцгэр Дархан хотыг бий болгох үндэс суурийг тавих зэрэг олон давуу талтай аж.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Related news