Хэнтийчүүд хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Хэнтий аймгийн удирдлагууд хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гарган ажиллаж байна.
Тодруулбал, төрийн албан хаагчийн гар утасны төлбөрийг төсвийн мөнгөөр төлүүлэхгүй байх, том оврын жийп автомашины хэрэглээг хязгаарлах, цаасны хэрэглээг бууруулах зорилгоор албан бичгийн онлайны Offshare программ хэрэглэх, хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэрт өгөх, дахин боловсруулсан цаас хэрэглэх зэрэг шийдвэрүүд гаргажээ. Ингэснээр төр, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал багасна хэмээн үзэж байна.
Тус аймгийн төв Хэрлэн сумын ЗДТГ-аас л гэхэд Чингис хот дахь гэрэлтүүлгийг байгальд ээлтэй, эрчим хүч бага зарцуулдаг LED гэрлээр сольсноор сар бүрийн гэрлийн мөнгөнөөс хэмнэлт гаргаж, төсөвт ямар нэгэн хүндрэл үүсгэхгүйгээр хот доторх гэрэлтүүлгийг шинэчилж байгаа аж.
Д.Одонтунгалаг