Дархан хотод хүүхдийн асрамжийн хоёр төв ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
"Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Хүний хөгжил, Хөдөлмөр нийгмийн бодлогын хяналтын хорооны гишүүд, аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, ГБХЗХГ-ын дарга н.Амгалан нар Дархан хотын “СОС” хотхон, “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын үйл ажилтай танилцав.
Хүүхдийн “СОС хотхон” нь 2009 онд байгуулагдсан төр, шашны, ашгийн бус хүүхдийн байгууллага юм байна. Тус хотхонд бүтэн өнчин болон хагас өнчин, эцэг эх асран хамгаалагч нь хүнд өвчтэй, олон жилийн хорих ял авсан хүмүүсийн 3-16 насны 88 хүүхэд байдаг. Тэдний 60 гаруй нь Дархан сумын харъяалалтай хүүхдүүд байдаг аж. Хүүхдүүд 6-10 нь нэг гэр болж амьдардаг юм байна. Эдгээр 12 өрх тус бүр нэг ээж, нэг эгч багштай. "СОС"-ынхон 14 нас хүрсэн эрэгтэй хүүхдүүдийг "Залуус" хөтөлбөрт хамруулж ирээдүйд сайн өрхийн тэргүүн болоход нь туслаж бэлтгэдэг. Байгуулагдаад найман жил болж байгаа тус хотхон нь “Киндердорф Интернэйшнл” Олон улсын байгууллагаас санхүүжилт авдаг тухайгаа "СОС" хотхоны захирал Н.Содномдаржаа ярилаа. Эднийх цаашид хүүхэд харах үйлчилгээ, зорилтот бүлгийн 15-18 жирэмсэн эхчүүдийн үйлчилгээг явуулахаар судалж байгаа тухай танилцуулаад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тус “СОС хотхон”-ы удирдлагуудад хандаж: “Та бүхэн хийж байгаа ажлаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгаж төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэж зөвлөлөө. Харин "Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн хувьд байгуулагдаад 17 жил болж байгаа юм байна. Энэ төвд 8-17 насны нийт 40 хүүхэд амьдардаг бол тус асрамжийн төвөөс 35 хүүхэд ирээдүйн ажил амьдралынхаа замд хөл тавьж өрх тусгаарлаж гарчээ. Тэдний зарим нь гадаадын өндөр хөгжилтэй улс оронд их дээд боловсрол эзэмшин сурч байна. Мөн зарим нь амьдрал зохиож айл гэр болж одоо 30 гаруй ач, зээтэй болсон" гэж тус асрамжийн газрын захирал Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун ярилаа. "Нарны хүүхдүүд" төвийн захиргаа хүүхдүүддээ амьдрах ухааныг заахаас гадна урлаг, спортын авъяас чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажилладаг байна. Тухайлбал жил бүр хүүхдүүдээ Япон улсын томоохон хотуудаар айлчлуулж урлагийн тоглолт хийж асрамжийн төвийнхөө шаардлагатай санхүүжилтээ босгодог аж.
Б.Норовсамбуу