Дорнод аймаг Өвөрбайгалийн хязгаартай нийгмийн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-21 14:02:14
Дорнод /МОНЦАМЭ/. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.М.Федатов тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийж байна.
Албан айлчлалын хүрээнд Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаарын Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийллээ. Хойд хөршийн төлөөлөгчидтэй тус аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс уулзалт хийв. Уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн саналтай байгаагаа уламжиллаа. Үүний хариуд, Өвөрбайгалийн хязгаарын шинэ томилогдсон амбан захирагчийн мөрийн хөтөлбөрт хөрш орнуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг тусгасан. Энэ хүрээнд тус аймгаас тавьж буй саналуудыг хүлээн авч, нөхөн сэргээх засал, өвчлөмтгий хүүхдүүдийн эмчилгээний солилцоо, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.М.Федатов хэллээ.  
Д.Дэлгэрмаа
Related news