Өлзийт тосгоныг Д.Гомбожавын нэрэмжит болгохыг дэмжсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, тус аймгийн төв Хэрлэн сумын 7-р баг буюу Өлзийт тосгоны түүхт 40 жилийн ойг тохиолдуулан тосгоны даргаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамдинжавын Гомбожавын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах зорилгоор Өлзийт тосгоныг Дамдинжавын Гомбожавын нэрэмжит болгохыг дэмжсэн хүсэлтийг зөвшөөрөөгүй аж.
Харин Гутайн давааны ашигт малтмалын ашиглалтын лицензийг хүчингүй болгох хүсэлт Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал зэрэг сумдаас ирснийг Тэргүүлэгчид дэмжлээ.
Мөн Алдарт эхийн одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх тухайд тус аймгийн Хурал Алдарт эхийн 1-р одонд 19 эх, 2-р одонд 195 эхийн материал хүлээж авсанаас хуралдаанаар 2-р эхийн одонгийн материалаас 3 материал хасагджээ.
Түүнчлэн аймгийн Орон нутгийн Өмчийн газраас оруулсан хөрөнгө худалдах асуудлын тухайд Дадал сумын 1, Норовлин сумын 2 нийт 3 Дизель станцыг дуудлага худалдаанд оруулах санал оруулж ирсэн нь дэмжигдэв.
Д.Одонтунгалаг