Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-11 08:13:40

Хэнтий /МОНЦАМЭ/. Ардчилсан нам үүсч байгуулагдсаны 27 жилийн ойг тэмдэглэх ёслол их эзэн Чингис хааны өлгий нутгаас эхэллээ. Бүх гишүүдийнхээ шууд сонгуулиар Ардчилсан Намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ орон нутагт ажиллах анхны томилолтоороо уг ёслолд оролцсон юм.

 Өнгөрөгч УИХ-ын болон орон нутгийн сонгуулиас хойш Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц эхэлснээс хойших богино хугацаанд Монголын улс төрийн түүхэнд анх удаа намын дотоод сонгуулийг бүх шатанд гишүүдийнхээ оролцоотой явуулж, намын 17800 сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийг өрсөлдүүлэн, намд бүртгэлтэй 176000 гишүүдээс саналын эрхтэй 152800 гишүүд санал хураалтад оролцож, намын дотоод сонгуулийг бүх шатанд амжилттай явуулсан байна.

Ардчилсан Намын 27 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан Хэнтий аймгийн Ардчилсан Намын хорооны өргөтгөсөн хуралдаанд 300 гаруй гишүүд дэмжигчид оролцов.

Тус хуралдаан дээр Ардчилсан Намын дотоод сонгуулийн дүнг намын дотоод сонгуулийн хорооны дарга Ө.Цогбадрах гишүүдэд танилцуулж, Ардчилсан Намын 8-р их хуралд өргөн мэдүүлэв. Дотоод сонгуулиар Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Хэнтий аймгаас 15 гишүүн сонгогдсон байна. Мөн аймгийн Ардчилсан Намын хорооны гишүүнээр 132 хүн, аймаг, сумдын намын дарга нарыг сонгож, намын дарга нарт намын тамга батламжийг гардууллаа.

Энэ үеэр Ардчилсан Намын 27 жилийн ойг тохиолдуулан АЭХ-ны дээд шагнал- Лиш одон, Ардчиллын ахмад зүтгэлтэн одон, Эрх чөлөөний одонгоор гишүүдээ шагнав. 

Өргөтгөсөн хуралдаанаар ирэх 4 жилд Хэнтий аймгийн Ардчилсан намын даргаар Ш.Батдэлгэр, намын Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Өнөрцолмон, намын эмэгтэйчүүдийн холбооны даргаар ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан, намын залуучуудын холбооны даргаар ҮБХ-ны гишүүн Д.Балдан, намын ахмадын холбооны даргаар АН-ын ахмад гишүүн н.Мэндбаяр нар ажиллахаар болжээ.

Д.Одонтунгалаг

Related news