Төсвөөс үл хамаарах цалинтай 35 байнгын ажлын байр бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-07 19:23:47

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв "Хэрлэн сумын гэр хорооллын хог хаягдлыг зайлуулах шинэ менежмент"-ийг туршин хэрэгжүүлж, төсвөөс үл хамаарах 120.000-500.000 төгрөгийн цалинтай 35 байнгын ажлын байрыг бий болгожээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хууль, “Эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Хэрлэн сумын гэр хорооллын хог хаягдлыг зайлуулах шинэ менежмент" туршилтын үйл ажиллагааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү нээлтийн хүрээнд нэгдүгээр үе шат энэ сарын 7-9-ний өдрүүдэд болж, ААН, байгууллагууд нийтийн эзэмшлийн талбай болон гадна орчныхоо 50м газрын хогийг цэвэрлэж, өөрсдийн унаагаар хогийн төвлөрсөн цэгт хаяж, айл өрхүүд хашаа, орон сууцны гадна ойр орчныхоо хогийг цэвэрлэн хуваарилагдсан авто машинд ачихад бэлэн болгох ёстой юм. Мөн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна талдаа өнгө үзэмжтэй, багтаамж сайтай хогийн савыг заавал байрлуулах зэрэг ажлууд төлөвлөгджээ.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат ярихдаа, “Шинэ менежментийн туршилтын нэг сарын хугацаанд 4200 айл өрхийн 400 тонн хогийг татан зайлуулсан нь 95 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн. Мөн энэ хугацаанд "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГазар 6 багийн өрх бүрийн хог хаягдлыг 10 машин, 10 ачигч, 15 олон нийтийн ажилтнуудтайгаа хамтран зайлуулан ажиллалаа. Төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд төсвөөс үл хамаарах 120.000-500.000 төгрөгийн цалинтай 35 байнгын ажлын байрыг бий болгосон” гэлээ.

Тус аяны 2-р үе шат энэ сарын 10-наас ирэх тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэн, "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГазар Чингис хотын төвлөрсөн хогийн цэгийг дарж булж, хашаажуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг сургуулийн ахлах ангийн сурагчид цэвэрлэх юм.

Иргэн, аж ахуй нэгж байгууллага удирдамжинд заасан хуваарийн дагуу цэвэрлэгээнд хамрагдаагүй тохиолдолд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 9.3-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, 21.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах юм байна.

Д.Одонтунгалаг

Related news