Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгаар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-07 12:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслөөр олон нийтийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг явуулах, тэрхүү санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хийхээр зорьж буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийх нь зөв. Сүүлийн үед хоёр танхимтай байх асуудлыг хөндөж байна. Хэрэв хоёр танхимтай байх тухай асуудлыг оруулж ирвэл энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх биш, шинээр Үндсэн хуулиа бичих түвшний ажил болж хувирна. Иймд энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг, “Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй. Гэхдээ нийтийн санаа бодлыг тусгах нэрээр өнөөгийн болж бүтэхгүй зүйлсийг бүгдийг багтаах гэж оролдох нь зохисгүй. Үүний оронд ирээдүй хойч үе рүүгээ чиглэсэн байдлаар нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй” хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Хоёр танхимтай байх асуудлыг сайн судлах нь зөв. Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулах, тэр дундаа иргэдийг мэдээлэлжүүлэх тал дээр онцгой анхаарах нь чухал. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас 108 болгож нэмж, парламентаа бэхжүүлэх бололцоо байж болох талтай” гэсэн байр суурьтай байв. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Зөвлөлдөх санал асуулгын тухай нийгэмд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх дархыг нэмэгдүүлэх гэж байна гэх юм уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгож болзошгүй тул мэдээллээр иргэдээ хангах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд, “Тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа багийн нийтийн хурлаар, дараа нь сум, аймаг, нийслэлд хийж, иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй" гэсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжив.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news