ДЭМБ: Дэлхийн хэмжээнд сэтгэл гутралд орсон 300 сая гаруй хүн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-04-06 11:36:02

ЛОНДОН./Reuters/. Сэтгэл гутралын эмгэг нь дэлхийн хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа гол хүчин зүйл болоод байна гэж дөрөвдүгээр сарын 7-нд буюу маргааш болох “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан ДЭМБ мэдэгдлээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд сэтгэл гутралд орсон 300  сая гаруй хүн байна гэсэн тоог тус байгууллага гаргажээ.

2005 оноос хойш сэтгэл гутралд орсон хүмүүүсийн тоо 18 гаруй хувиар өсчихөөд байхад эдгээр хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн оронд тэднийг гутаан доромжлох нь нэмэгдсээр байгаа нь тэдэнд эрүүл саруул амьдрахад нь саад болж байна.

Сэтгэл гутралд орсон хүмүүсийг гутаан доромжлохыг зогсоох, ийм хүмүүсийн талаарх буруу ойлголтыг залруулахын тулд ДЭМБ сэтгэцийн эрүүл мэндийн кампанит ажил өрнүүлж байгаа юм.  ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн газрын захирал Шекхар Саксена хэлэхдээ “сэтгэл гутралд орсон хүмүүсийн хувьд өөрийн итгэдэг хүнтэйгээ байнга ярилцах нь сэтгэл гутралаас гарч, эрүүл болох анхны алхам юм” гэв.

Сэтгэл гутрал гэдэг нь байнгын гунигтай байх, өдөр тутмын идэвхгүй амьдрал, ажиллах сонирхолгүй болох зэргээр илэрхийлэгддэг сэтгэцийн эмгэг юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд ийм эмгэгтэй 322 сая хүн байна.

Сэтгэл гутрал нь донтох, амиа хорлох үйлдэл хийх болон чихрийн шижин, зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Улс орнууд сэтгэцийн эмгэгтэй иргэдээ төдийлөн дэмжихгүй байгаад ДЭМБ-ын албаны хүмүүс санаа зовниж байна.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, засгийн газрууд эрүүл мэндийн төсвийнхөө дунджаар гуравхан хувийг сэтгэцийн эмгэгтэй иргэдээ эмчлэхэд зарцуулж байна. Ядуу буурай улс орнуудад энэ үзүүлэлт 1 хүрэхгүй хувьтай байгаа бол чинээлэг улсуудад 5 хүртэлх хувьтай байна.

Маргааш болох “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2017”-г “Сэтгэл гутрал: Ярилцацгаая!” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Г.Доржханд

 

 

Related news