Ихэр хургануудаа долоон хөгнөөр домножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-04 18:05:20

Дундговь/МОНЦАМЭ/ Халуун хошуутай мал ихэрлэхэд малчид ихэд бэлгэшээдэг. Мал ид төллөж байгаа энэ үед хоёр хонь нь хэдхэн хоногийн зайтай гурван ихэр хурга төрүүлсэн тухай малчин Д.Түвдэнням сонирхуулсан юм.

Д.Түвдэнням Цагаандэлгэр сумын 4-р багийн малчин. Хар тойром хэмээх нутагт хаваржиж байна. Хэдхэн хоногийн өмнө хар түрийтэй хониноос нь гурван ихэр хурга мэндэлж, үүнээс хойш 4 хоногийн дараа мөн өөр нэг хонь 3 ихэр хурга гаргажээ.

“Арван жилийн өмнө манай нэг хонь гурван ихэр хурга гаргаж байсан удаатай. Түүнээс хойш гурван ихэр төл гараагүй. Гэтэл ойрхон хугацаанд ингэж гурван ихэр хургануудтай боллоо. Долоон хөгнө зүүж домносон. Энэ нь эсэн мэнд бойжихыг билэгддэг байна” хэмээлээ.  

Малчин Д.Түвдэннямынх энэ хавар 400 гаруй бог малаас төл хүлээн авна. Үүний 300 гаруй нь хонь бөгөөд эдний хотонд одоогоор хорь гаруй хонь ихэрлээд байгаа гэлээ.

Т. Отгонтуяа 

Related news