Хэнтий аймагт Ардчилсан намын дотоод сонгууль 61,7 хувийн ирцтэй явагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль энэ сарын 2-ны өдөр орон даяар явагдлаа. Хэнтий аймгийн хувьд 2017 оны шинэчилсэн бүртгэлд 5317 гишүүн бүртгүүлсэнээс 3283 гишүүн санал өгч, 61,7 хувийн ирцтэй санал хураалт явагджээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд нийт 380 гишүүн сонгогдохоос Хэнтий аймгийн хувьд 15 гишүүн сонгогдсон байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 40, 41, 42-р тойргоос хамгийн их санал авсан ҮБХ-ны гишүүнээр Хурх тосгоны АН-ын дарга Ж.Энххуяг тодорч 1040 санал авсан бол баруун тойрог буюу 40-р тойргоос нэр дэвшсэн Н.Ариунболд 365 санал буюу хамгийн бага санал авчээ.
Хэнтий аймгийн АН-ын хороонд сумдаас нийт 142 хүн нэр дэвшсэнээс 133 хүн аймгийн Ардчилсан намын хорооны гишүүнээр сонгогдсон байна. Сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь 80 настай буюу Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат Г.Сампил байсан бол хамгийн залуу гишүүн нь 25 настай Хэрлэн сумын Тахилгат тосгоны харъяат Г.Сүхбат байсан аж.
Хэнтий аймгийн АН-ын даргад Биндэр сумын харъяат Ш.Батдэлгэр ганцаараа нэр дэвшиж, 3083 хүний санал авч сонгогджээ. Харин сумдын АН-ын даргын сонгуульд 10 сумын 17 гишүүн нэр дэвшсэнээс Баянхутаг суманд Б.Амгаланбат, Баянмөнх суманд О.Мөнхбаяр, Баян-Адрага суманд М.Мөнхбат, Баян-Овоо суманд П.Эрдэнэчимэг, Дадал суманд Л.Ганбаяр, Мөрөн суманд Я.Энхтүвшин, Норовлин суманд Н.Ариунбилэг, Дархан суманд Ж.Даваа, Бор-Өндөр суманд Г.Ганхуяг, Хэрлэн суманд Ц.Амгаланбаатар нар намын гишүүд дэмжигчдийнхээ саналаар ялалт байгуулжээ.
Д.Одонтунгалаг