Д.Баянмөнх: Баян-Овоо нэртэй газруудын түншлэлийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-04 16:38:21

Хэнтий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны ажил үйлсээрээ Хэнтий аймгийн шилдэг сумаар шалгарсан Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхтэй уулзаж, сум орны байдал, цаашдын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынх нь талаар ярилцлаа. 

-Энэ жил танай сумын хэмжээнд хичнээн малчин өрх урин хавартай золгож байна вэ?

-Өвөлжилтийн хувьд манайх зудтай сумын тоонд багтаж байсан. Тиймээс малчид маань ихэнх нь оторлон өвөлжиж, итгэл, сэтгэл, зүтгэлээрээ энэ өвлийг даван туулж, урин хавартай золголоо. Манай суманд нийтдээ 400-аад малчин өрх, 147,2 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Өвс тэжээл, өвлийн бэлтгэлээ сайн хангасан, цаг агаарын байдлыг эрт танин мэдэж, оторлож нүүж амжсан учраас малын хорогдол, гарз багатай байлаа.

-Малын гоц халдварт өвчин танай суманд гарсан уу? Халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажил ямархуу явагдаж байна вэ?

-Манай суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараагүй. Харин манай сумтай хил залгаа оршдог Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багт оторлож явсан Батноров сумын малчин 3 айлд шүлхий өвчин гарсан. Шүлхий өвчнийг дэлгэрүүлэхгүйн тулд бид хэсэгчилсэн хөл хорио тогтоож, нийт малынхаа 99.7 хувийг вакцинжуулаад байна. Бид хамгаалалт сайн хийсэн, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн учраас одоогоор манай сумын нутаг дэвсгэрт шүлхий  өвчин илрээгүй.

-“Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилээ Баян-Овоочууд маань ямар ажил, амжилтаар угтсан бэ?

-Бид 5 төрлөөр малаа өсгөж, 147,3 мянган мал тоолууллаа. Улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 2, сумын аварга малчин 3 төрлөө. Сумын ЗДТГ 2016 оны ажлын амжилтаараа аймагтаа нэгдүгээр байранд орсон нь манай Баян-Овоочуудын хамтын хөдөлмөрийн үр дүн юм.

-Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа танилцуулна уу?

-Баян-Овоочууд бид бодлогоо зөв тодорхойлж, хөгжлийн түүчээ болох ёстой. Тиймээс 2017 онд нэлээд ажлыг хийхээр төлөвлөж байна. Бид мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан байгаа. Энэ онд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран ихээхэн ажлыг хийхээр зорьж байгаа. Нэгдүгээрт, иргэдээ тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд “Жишиг орон сууц” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийтдээ 48 айлын орон сууцыг барина. Энэ ондоо 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Газрын асуудал шийдэгдсэн, зураг төсвийн ажил хийгдэж байгаа, 20-иод айл захиалгаа өгсөн, дөрөвдүгээр сарын 5-аас эхлээд 10 дугаар сард ашиглалтад өгөх тооцоотой ажиллаж байна. Хоёрдугаарт, сумын ЗДТГ, Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Гомбожав сан”-тай хамтран Номч мэргэн гавьж Самаагийн Гомбожавын нэрэмжит Жавхлантын хийдийг Тахилгын сүм болгон сэргээхээр ажиллаж байна. Гуравдугаарт, улсын хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдана. Эдгээр ажлуудад гол үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хэдийгээр Монгол орны эдийн засаг хүндрэлтэй, бэрхшээлтэй байгаа ч гэсэн бид өөрсдийн хүч чармайлт, санаачлагаар нутаг орноо хөгжүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тохижилт, соёлжилтыг сайжруулах 3 сарын аян зарлаж, дүгнэхээр шийдвэрлээд байна.

-Таныг Баян-Овоогийн Баянмөнх дарга гэхэд Хэнтийнхэн маань андахгүй. Та хэд дэх жилдээ энэ сайхан нутагтай ажил амьдралаа холбож байна вэ? Өөрийн ажлын туршлагаасаа хуваалцана уу?

-Миний хувьд 1985 онд анх цэргийн албанаас халагдаж ирээд сумын АДХ-ын гүйцэтгэх даргаар 3 жил, дараа нь ҮЭХ-ны даргаар 3 жил, 1990-1999 он хүртэл сумын Засаг даргаар ажилласан. Тэр үеийн байдал, одоо ажил аваад байгаа Засаг даргын байдал өдөр шөнө шиг ялгаатай байна. Гэрэл цахилгаантай болсон, утас, холбоо сайжирсан, хүмүүсийн ахуй амьдралд эрс өөрчлөлт гарсан нь ажиглагдаж байна. Одоо бид сэтгэл зүрхээ нэгтгээд ажиллавал ямар ч орчин нөхцлийг бүрдүүлж болохоор байна. Иймээс бодлогыг зөв тодорхойлбол сум нутгаа авч явна гэж бодож байгаа. Мөн уламжлалт мал аж ахуй дээрээ түшиглэн газар тариалан, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлвэл сум орон нутгийн хөгжлөө түргэсгэж, үр дүнд хүрнэ. Тиймээс газар тариаланг хөгжүүлэх, уул уурхайн компаниудтай хамтрах зэрэг боломжтой ажлуудыг эхлүүлнэ. Гүрмийн нуур, Хар ямаатын байгалийн нөөц газар, Тосон хулстайн байгалийн нөөц газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажиллана гэж бодож байгаа.

-Монгол Улсад гурван Баян-Овоо сум бий. Баян-Овоочууд нэгдэн нийлж хөгжлийн төлөвлөгөө яригдаж байна. Энэ талаар ?

-Би гурван жилийн өмнө Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал байхдаа зөвлөлийн дарга Н.Батбаяртай Баян-Овоо гэдэг нэртэй газруудын түншлэлийг бий болгоё гэж ярьсан. Бид улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд сэтгэж байж хөгжих ёстой. Тийм учраас Улаанбаатар хот дахь гурван Баян-Овоо сумын Нутгийн зөвлөлтэй хамтарч нэлээд ажлыг амжуулсан. Одоо би сумын Засаг дарга болсон учраас гурван Баян-Овоо сумаа холбож, хамтын ажиллагааг эхлүүлэх, түншлэлийн хүрээгээ өргөжүүлэх шаардлагатай гэж ойлгож байгаа. Цаашилбал гадаад орнуудад Баян-Овоо нэртэй сум, тосгон, муж, хошуу байгааг судалж ӨМӨЗО-ны Бугат  сумын Баян-Овоо дүүрэг гэж байгааг мэдэж авсан. Бид хоёр ч удаа тус дүүрэгтэй холбогдсон. Одоо төрийн шугамаар санал тавиад ажил хэрэг болгох гэж байна. Хуучин Алтан тал нэгдэл гэж байхад Чита мужийн Дульдрагын районы Зүтгэл хамтралтай шиф байсан. Үүнийгээ сэргээхээр  ярьж байна. Мөн сумынхаа сургууль, цэцэрлэгүүдийг БНСУ, ӨМӨЗО-ны зарим байгууллагуудтай холбож, хамтран ажиллах талаар нэлээд зүйлийг хийж байна. Ер нь Баян-Овоогийн гадаад болон дотоод түншлэл маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ ажил маань Монголдоо хийж байгаа шинэ ажлын эхлэл юм.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа, сайхан ярилцлаа Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Д.Одонтунгалаг

Related news