Тогтвортой хөгжлийн боловсролын олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-04 14:23:02

Хэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн боловсролын олимпиад” зохион байгуулагдлаа. 

Аймгийн БСУГ, МСҮТ, БОАЖГ хамтран зохион байгуулсан уг олимпиадад 13 сумын сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн нийт 32 сурагч, 20 багш оролцжээ.
Олимпиадын хүрээнд “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт гар зураг, “Албан байгууллагын гадаад болон дотоод орчны үнэлгээ” сэдвээр бичил судалгааны ажлын илтгэлийг сурагчид, “Байгаль хамгаалах уламжлал” сэдвээр багш нар тус тус илтгэл тавин өрсөлдсөн байна. Гар зургийн уралдаанд байгаль хамгаалах уламжлалт аргыг илэрхийлсэн агуулгатай, уриаг үгээр илэрхийлж, тайлбарлах ба багш нар байгаль хамгаалах уламжлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгасан нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан хэлэлцүүлсэн аж.
Багш нарын “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт илтгэлээр нэгдүгээр байрыг Хэрлэн 1-р сургуулийн биологийн багш Д.Жимсээ, 2-р байрыг Бор-Өндөр сумын Энхжин цэцэрлэгийн багш М.Адъяа, 3-р байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн багш Г.Цэгмид нар эзэлжээ. Харин “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт зураг, “Байгууллагын гадаад, дотоод орчны үнэлгээ” бичил судалгааны ажлын илтгэлийн төрөлд Мөрөн сумын ЕБС-ийн сурагч Г.Мөнххэрлэн тэргүүлж, Батширээт сумын ЕБС-ийн сурагч Б.Энхтуул, Норовлин сумын ЕБС-ийн сурагч О.Цэлмүүн нар удааллаа.

Д.Одонтунгалаг

Related news