Агаарын чанар муудаж байгаатай холбоотойгоор агаар цэвэршүүлэгчийн зах зээл хурдацтай өргөжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-04 12:32:30

СӨҮЛ./Yonhap/.Тээврийн хэрэгсэл, цахилгаан станц болон үйлдвэрүүдээс ялгарч буй утаа тортог болон нарийн ширхэгт тоосонцрын түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор агаарын бохирдол нь дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоосон, түгшүүр төрүүлсэн асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд дэлхий дахинд агаар цэвэршүүлэгчийн зах зээл хурдацтай өргөжиж байгааг өнөөдөр танилцуулсан энэ салбарын тайлан мэдээ харууллаа.

Тайлан мэдээнээс үзвэл, агаар цэвэршүүлэгчийн зах зээл өнгөрсөн гурван жилийн хугацаанд жил бүр 10 хувиар тэлсэн бөгөөд өнгөрсөн онд 3.7 тэрбум долларт хүрчээ.

2014 онд дэлхийн даяар 15 сая ширхэг агаар цэвэршүүлэгч борлуулсон бол энэ тоо 2018 он гэхэд 17 сая болж нэмэгдэх төлөвтэй байна.

Улсаар нь авч үзвэл, БНХАУ агаар цэвэршүүлэгчийн зах зээлд дэлхийд тэргүүлж байна. Тус улсад энэ зах зээл 1.5 тэрбум доллароор хэмжигдэж байна. Харин АНУ болон Японд энэ зах зээл 700 сая доллароор хэмжигдэж байгаа аж.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд БНХАУ хурдацтай аж үйлдвэржсэнээр агаар бохирдуулагч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өвлийн улиралд ДЭМБ-ын тогтоосон хязгаараас бараг 40 дахин нэмэгджээ.

Хятадын баруун зүгийн салхи болон Монголын шар шороо өвөл ба хаврын улиралд Солонгосын хойгт хүрснээр Өмнөд Солонгосын агаар бохирдож байна. Хятадын нарийн ширхэгт шар тоос, тоосонцор Япон болон АНУ-ын нутаг дэвсгэрт мөн хүрдэг болохыг зарим судалгаагаар тогтоосон байдаг.

2013 онд 300 тэрбум воноор хэмжигдэж Өмнөд Солонгосын агаар цэвэршүүлэгчийн зах зээл агаарын бохирдолтой холбоотойгоор 2016 онд 1 их наяд вонд хүрчээ.

Г.Доржханд

 

 

Related news