МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-03 22:54:29

Хэнтий /МОНЦАМЭ/. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Улс төр намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүс өөрсдийн салбартаа хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан бөгөөд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч нэлээд олон асуудлыг газар дээр нь шийдлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Томографикийн аппарат, Өлзийт суманд эмнэлгийн тусламж үйлчилгээний машин олгохоор боллоо. Хэрлэн 1 дүгээр сургууль, Тэмжүүжин цогцолбор сургууль, Өмнөдэлгэр, Бор-Өндөр, Биндэр сумын сургуулиудад тус бүр 250 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөхөөр болжээ. Мөн Дэлхийн банкны “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-өөс ШУ технологи, математик, инженерчлэл нэртэй 3 багц сургалтын төхөөрөмжийг 4 дүгээр сарын 25-аас Хэнтий аймгийн бүх сургуульд олгох аж. Түүнчлэн тус төслийн хамт олноос багш нарын дунд сургалтаа хэрхэн сайжруулах талаар 8 сая гаруй төгрөгийн төслийн уралдаан зарласныг дуулгалаа. Уулзалтын дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурь Хэнтий аймгийн төвийн зарим цэцэрлэг, сургуулиар орж тоглоом, тоног төхөөрөмж бэлэглэв.
Мөн бүтээн байгуулалтын салбарт Хан Хэнтий чуулгын шинэ барилгын санхүүжилтэд 2017 оны төсөвт 1 тэрбум 900 сая төгрөг суугдсанаас гадна Хэнтий аймагт цэвэрлэх байгууламж барих асуудал бүрэн шийдэгджээ. Иргэдээс ТОСК-  орон сууцны талаар нэлээд асуулт ирсэн тул БХБ-ын дэд сайд  "-Хэнтий аймгийн түрээсийн орон сууц бусад аймагт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт болж байгаа тул цаашид жишиг болгон хөгжүүлж, 1000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа" гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулаад байгаа бөгөөд энэхүү ажилд анхны алхам тавигдаж, Дадал сум хүртэлх 270 км засмал зам тавих асуудлыг бүрэн шийдсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ мэтчилэн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу асуудлыг дор бүр нь шийдэж, тодорхой хариултыг өгч байснаараа тус уулзалт үр дүнтэй, ач холбогдолтой боллоо хэмээн хүрэлцэн ирсэн иргэд үзэж байв.

Д.Одонтунгалаг

Related news