Т.Ган-Од: 25 мянга гаруй иргэн, байгууллагын муу зээлийн түүхийг устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Т.Ган-Одтой уулзаж, банкны зээлийн талаар товч мэдээлэл авлаа.
-Хэнтий аймгийн хэмжээнд хичнээн зээлдэгч байна вэ?
-Манай аймгийн хэмжээнд 2016.12.31-ний өдрийн байдлаар 29572 зээлдэгчийн 123,760.6 сая төгрөгийн Зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 2,062.5 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, 1,998.4 сая төгрөгийн зээл чанаргүй ангилалд бүртгэгдсэн байна. Энэ нь нийт зээлийн 1.6 хувийг эзэлж байгаа нь улсын дунджаас 9 орчим пунктээр бага байна.
-Зарим иргэдийн чанаргүй буюу муу зээлийн түүхийг устгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухайд ?
-Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас нэг жилээс ихгүй хугацааны зээлийн гэрээтэй, авсан зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй буюу ойролцоогоор 2.9 сая орчим төгрөгөөс бага дүнтэй 2017.01.31-ний өдрөөс өмнө зээлээ төлж барагдуулсан 25,621 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зээлийн мэдээллийг хязгаарлах зохицуулалтыг нэг удаагийн арга хэмжээгээр зохион байгуулсан. Энэ жилээс Монголбанкны ОНБМТ-өөс хөдөө орон нутгийн иргэдтэй уулзалт, сургалтуудыг хийсэн юм. Энэ үеэр иргэд цалин хөлс нь цагтаа буугаагүйгээс болон бусад шалтгаанаар зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэнээс дахин зээл авах боломжоор хязгаарлагдаж байгаа тухай санал хүсэлтээ илэрхийлж байсан. Иймээс иргэдийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрхээр хангах зорилгоор Монголбанк нэг удаагийн арга хэмжээг банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулалтыг хийсэн.
-Ойрын хугацаанд зээлийн хүү буурах уу?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас харахад зээлийн хүүний өөрчлөлт одоохондоо хэвэндээ байх магадлалтай. Аймаг дахь банкны салбарууд хугацаатай хадгаламжинд жилд дунджаар 7.5-16.5 хувийн хүү төлж, 8-32.4 хувийн хүүтэй зээл олгож байгаа тул цаашид хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү үе шаттайгаар буурах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 104 мянган тэтгэвэр авагч 3 сарын тэтгэврээ шимтгэл, зээлийн хүү тооцуулахгүйгээр урьдчилж авах боломжийг бүрдүүлж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулсан. Цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байна.
Д.Одонтунгалаг