Үхрийн дуут хавдар өвчин гарч, хязгаарлалтын дэглэм тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-01 20:59:51

Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн төвийн ойролцоо, Сайнцагаан сумын Далай багийн нутаг Арвижихын голын адаг хэмээх газар үхрийн дуут хавдар өвчин гарсан нь шинжилгээгээр тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоов.

Хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан аймгийн төвөөс чиглэсэн замд пост ажиллуулж, хүн малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж эхэлсэн байна. Мөн Мандалговь хотын хүнсний захын худалдаа үйлчилгээнд эрүүл ахуйн байнгын хяналт тавих үүргийг ч холбогдох мэргэжилтнүүдэд өгчээ.

Өвчин гарсан нутгийн орчмоос сүүгээр хангагддаг аймгийн төвийн зарим цэцэрлэгт сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийг түр хориглож, хязгаарлалтын бүсэд хамрагдаж байгаа үхэр сүргийг бүрэн вакцинжуулахаар болсон байна

Хязгаарлалтын дэглэм 15 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Т. Отгонтуяа 

Related news