Д.Цэрэндолгор: Зүрх судасны өвчлөлөөр хот явдаг зардлыг 190 сая төгрөгөөр хэмнэсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-03-31 15:42:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Зүрхний Цээрээ” хэмээн түмнээ өргөгдсөн Архангай аймгийн дотрын ерөнхий мэргэжилтэн, клиникийн профессор, зөвлөх эмч Д.Цэрэндолгортой хийсэн ярилцлагыг хүргэе.

- Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе

- Баярлалаа.

- Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? 

- Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнөөс хойш 31 дэх жилдээ ажиллаж байна. Тариат сумын сум дундын эмнэлэгт 10 сар ажиллаад аймагтаа ирснээс хойш олон жил болж байна даа. Харин 1993 онд зүрх судасны мэргэжил олгох курс, 2000 онд мэргэжил дээшлүүлээд, 2012 онд зүрхний эхоны курс, 2015 онд зүрхний эхоны курсээ дээшлүүлсэн.

- Таныг Архангайд “Зүрхний Цээрээ” гэдгээр нь хүмүүс анддаггүй шүү дээ?

- Тийм шүү. Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт эмчлэгч эмч, тасгийн эмч, эрхлэгч эмчээр 22 жил ажилласан. Энэ хугацаанд манай тасаг 3 удаа байгууллагын аварга тасаг болохоос гадна уралдаан тэмцээнүүдэд ороод эхний байруудыг авдаг байлаа. Зүрх судасны өвчлөлөөр нас баралт жилээс жилд 1.5-2 дахин буурч байсан нь манай тасгийн хамт олны амжилт юм. Дотрын тасагт өвчтөнүүд их хэвтдэг.  Бараг 60 гаруй хувь нь зүрх судасны эмгэгтэй хүмүүс байдаг. Өвчнөөсөө салаад эдгэрээд гарахаараа бөөн баяр болно шүү дээ. Энэ талархлын үг болгоны ард “Баярлалаа эмчээ” гэж хэлнэ. Ажилд бас том урам шүү.

- Манай аймагт зүрх судасны өвчлөл ямар хэмжээнд байдаг юм бэ? Ер нь энэ өвчнөөс иргэд өөрсдийгөө яаж сэргийлэх вэ?

- Монгол Улсад энэ өвчний судалгаа тааруу. Харин Люксембургийн зүрхний эхоны төсөл хэрэгжсэнээр судалгаанууд хийгдэж эхлэсэн. Улсын хэмжээнд зүрхний өвчлөл 2015  онд 10000 хүнд 954,3 хувьтай, нас баралт буурч 21,4 хувьтай болсон байдаг. Архангай аймгийн хувьд өвчлөл нас баралт буурсан мэдээтэй байдаг. 2011 онтой харьцуулахад 2.5  дахин буурсан үзүүлэлттэй гарсан.

Энэ өвчин олон зүйлийн эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Тухайлбал, жингийн илүүдэлтэй байх, давсны өндөр хэрэглээтэй, хөдөлгөөний хомсдол, даралт ихсэлт, өөх тосны хэрэглээ зэргийг л тохируулчих юм бол иргэд энэ өвчнөөс өөрсдийгөө хамгаалж чадна.

- 2014 оноос Люксембургийн зүрхний өнгөт эхоний төсөл манай аймагт анх удаа хэрэгжиж байна гэсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

- Төсөл улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр манай аймгаас 3-р шатлал руу явах нь эрс багассан. Аймаг болгонд 199 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Бид аймагтаа жилдээ 400-580 иргэнийг, төсөл хэрэгжсэнээс хойш 3 жилийн хугацаанд 1500-аад хүнийг эхогоор харсан байдаг. Мөн тайлан мэдээгээ гаргаад харахад зөвхөн иргэдийн замын зардлын хэмнэлтийг тооцож үзэхэд 190 сая гаруй төгрөгийг хэмнэсэн байдаг. Өөр нэг үр дүн нь зүрхний олдмол болон төрөлхийн хагалгааг 25 хүнд, зүрхний шигдээсийн хагалгаа 26, бусад зүрхний ажилбаруулыг 15 хүнд хийсэн байдаг шүү. Энэ төсөл үр дүнгээ өгч байгаа.

- Ингээд мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад эмч нартаа дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

- Баярлалаа. Ингээд нийт цагаан нөмрөгт эмч, мэргэжил нэгтүүддээ дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ хүргэе. Бүгдэд нь амжилт хүсье.  

Б.Гэрэлт-Од

Related news