Баян-овоо сум 24 айлын тохилог сууцтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан дулаан хангамж, цэвэр ус бүхий 24 айлын жишиг сууцыг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Сууцны газрын асуудлыг сум орон нутгаас шийдсэн байна. Нэг айлын нийт газрын хэмжээ 150 м2 бөгөөд гадна талбайд 18 м2 талбайтай авто граж /сонголтоор/, явган зам, хашаа, гэрэлтүүлэг, бичил цэцэрлэг, ногоон байгууламж, бохир ус шингээх цооногтой хийхээр төлөвлөсөн байна.
Одоогоор 20-иод айл захиалгаа өгөөд байгаа юм байна. Нэг айл 39,1 м2 талбай бүхий 2 өрөөтэй сууцтай болох боломжтой аж.
Мөн 24 айлын нэг нь ажлын байртай болох буюу дулаан хангамж, усыг хариуцан ажиллуулах юм. Тус сумын ЗДТГ-аас боловсруулсан “Жишиг сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа энэхүү сууцны 1 м2 нь 750-950.000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд “Их шовх” ХХК гүйцэтгэхээр болжээ.
Д.Одонтунгалаг