Хэнтийн төвийн иргэд аммиактай ус уух аюултай байдлын ирмэгт хүрээд байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. “Дэлхийн усны өдөр” ийн хүрээнд зохион байгуулагдсан “Ус ба хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Хэрэв Хэнтийчүүд аммиактай ус уувал, энэ бол эмгэнэл шүү" хэмээн онцлов.
Тэрбээр ярихдаа “Хэнтий аймгийн бодлогын хүрээнд яригдах гол сэдэв төдийгүй цаашдаа алтнаас ч илүү үнэлэгдэх зүйл бол УС юм. Хэрлэн голын тухайд татмын ургамал, бут сөөг нь талхлагдчихаад байгаа тул нөхөн сэргээгдэх төслүүд шаардлагатай байна. Өөр нэг хөндөхгүй байхын аргагүй сэдэв бол Хэнтий аймгийн төвийн иргэд аммиактай ус уух аюултай байдлын ирмэгт хүрээд байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байсныг би санаж байна. Хэрлэн голд ойрхон гэр хорооллын айлуудын жорлонгийн бохир, хөрсний устай нийлээд аммиак үүсгэж, бидний уух усны эх үүсвэрийг бохирдуулах аюултай гэдгийг анхааруулж байсан. Энэ нь Хэрлэн голын сав газрын захиргааны илтгэлд дурьдсанаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс рүү орсон Хийдийн суурингийн 1, 2, 3-р эгнээг хэлсэн хэрэг шүү дээ. Энэ дээр нэмж газар олгох нь байтугай, хамгаалалтын бүс рүү цөмөрсөн хэсгийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэх болно. Хэрэв Хэнтийчүүд аммиактай ус уувал, энэ бол эмгэнэл шүү. Чингис хотын ундны усны эх үүсвэр наадмын талбайн урд, Хэрлэн голын эрэг дээрх гурван худаг байна. Үүнээс 200 м гадагш хамгаалалтын бүс байна. Үүнээс цааш ч чөлөөлөх шаардлага байна. Аммиактай ус уухгүйн тулд усны эх үүсвэрийг хамгаалахаас өөр аргагүй... Энэ хэлэлцүүлгээс нэлээн олон анхаарах асуудлууд гарах байх гэж ойлгож байна. Үүнийг аймаг сумын удирдлагууд бид цаашдынхаа үйл ажиллагаанд тусгах болно” гэв.
Энэ үеэр Хэрлэн голын Сав газрын захиргааны үйл ажиллагааны чиглэл, төлөвлөлт, Чингис хотын усан хангамж, ундны усны эрүүл аюулгүй байдал, хөрс, газрын доорх усны бохирдол, түүнээс хамаарсан халдварт өвчин, усны орлого бүрдүүлэлтийн талаар холбогдох мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж, тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, шийдвэрлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээр аймгийн ИТХ, Хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг холбогдох дээд шатны байгууллагуудад нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлуудыг уламжлан хэлэлцүүлж, бодлогын баримт бичиг гаргуулахаар нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.
Хэлэлцүүлгийн явцад Чингис хотын усан хангамж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Гэр хорооллыг стандартын 00-той болгох, Хэрлэн голын эрэг дагуу тохижилт хийх, Хамгаалалтын бүс тогтоох дэглэм мөрдүүлэх, Төвлөрсөн сум суурин газрын Ундны зориулалтын худгийн эрсдлийн үнэлгээг тогтоох, түүнд тулгуурлаж дараачийн шатны арга хэмжээг авах зэрэг шийдюэл зохих асуудлууд тулгарч байгаа гэж үзлээ.
Д.Одонтунгалаг