Д.Баттулга: Аймгийн зүгээс орон нутгийн барилгын компаниудаа дэмжиж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн-2017” саяхан боллоо. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын БХБХэлтсийн дарга Д.Баттулгаас тодруулж ярилцлаа.
- Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулсан танай хамт олонд баяр хүргэе. Зөвлөлгөөнд оролцогчид ямар асуудалд анхаарлаа түлхүү хандуулж байна вэ?
-Баярлалаа. Энэхүү зөвлөлгөөнөөс барилгын салбарын төлөвлөлт, худалдан авалт, хяналт шалгалт, цаашилбал ашиглалт хариуцагч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн аж ахуйн нэгжүүд аймгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах, аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхийн тулд нэгдэж, төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ зөвлөлгөөнд оролцогчид хэлж байлаа.
-Аймгийн Засаг дарга, Барилгачдын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах санамж бичигт ямар асуудлууд тусгагдсан бэ?
-Энэхүү санамж бичигт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймагт хийгдэх ажлуудыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхийг дэмжих, өндөр төсөвт өртөгтэй тендерийн шалгуурт нь тэнцэхээргүй ажлуудын туслан гүйцэтгэгчээр ажиллуулах арга хэмжээ авах талаар тусгагдсан. Мөн аймгийн хэмжээнд барилгын материалын лабораторитой болох ажлыг зохион байгуулах, барилга угсралт, материал үйлдвэрлэлд тавих чанарын хяналтыг сайжруулах, барилгын мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэх болон суурьшуулах асуудлыг анхаарч ажиллах заалтууд орсон байгаа.
-Зөвлөлгөөнөөр барилгын салбарт баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?
-Зөвлөлгөөнөөр барилгын салбар дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн болон барилгын материалын чанарын асуудал зэргийг хөндөж ярилаа. Мөн салбарын хэмжээнд одоо мөрдөгдөж байгаа болон шинэчлэгдэн гарч байгаа хууль, норм дүрмийн талаар танилцуулсан, хамтран ажиллагч байгууллагууд өргөн мэдээлэл өгч, харилцан ярилцсан, ач холбогдолтой зөвлөлгөөн болж өндөрлөлөө.
-Барилга төлөвлөлт, хот төлөвлөлт хоёрын уялдаа холбооны талаар?
-Хот төлөвлөлттэйгөө уялдуулан барих барилга байгууламжийг төлөвлөх ёстой. Манай аймгийн хувьд ерөнхий төлөвлөгөөнөөс төлөвлөлтийн хувьд нэлээд зөрсөн байгаа. 2016 онд Чингис хотын Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийлгэсэн. Одоо энэ төлөвлөлтийг баримтлахыг хичээн ажиллаж байна.
- Барилгын материалын чанар стандарт, үр нөлөөний талаар зөвлөгөөнд илтгэл тавьсан. Барилгын материалыг худалдан авахдаа иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Барилгын материалын чанарын асуудал бол байнга яригдаж, анхаарлын төвд байдаг зүйл юм. Энэ төрлийн стандартууд байнга шинэчлэгдэж байдаг. Харин импортоор орж ирж байгаа шинэлэг материалууд, түүний стандартыг тогтоох үйл ажиллагаа хоёр цаг хугацааны хувьд зөрөөд байх шиг байна. Сүүлийн үед барилгын салбарт төрөл бүрийн гарал үүсэл нь тодорхойгүй материалууд гарч ирж ашиглагдах хандлагатай байгаа. Тийм учраас барилгын материалын баталгаажуулалт, тохирлын гэрчилгээний талаар энэ зөвлөлгөөнөөр хэлж ярилаа. Ер нь барилгын салбартай холбогддоггүй иргэн гэж байхгүй байх. Иргэдэд анхааруулж хэлэхэд ямар нэгэн байдлаар барилгын материал авах, хэрэглэх болоход түүний тохирлын гэрчилгээтэй эсэхийг анхаараарай.
-Хавар цагт барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлдэг. Энэ жил аймгийн хэмжээнд ямар бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан Хэнтий чуулгын барилга, Биндэр суман дахь 640 хүүхдийн сургуулийн барилга, “Сумын төвийн шинэчлэл” төсөл гэсэн он дамжин хийгдэж байгаа барилга байгууламжууд баригдаж дуусна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2-р багт Багийн хөгжлийн төв, Цэнхэрмандал суманд Цагдаагийн хяналтын төвийн барилга, Дадал суманд цагдаагийн байр зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Д.Одонтунгалаг