Шатрын мастерууд Дадал суманд 10 хоногийн турш оюунаа уралдууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны төрж өссөн тоонот Хэнтий аймгийн Дадал суманд "Шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн" энэ сарын 16-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Энэ удаагийн УАШТ-нд эрэгтэй 12, эмэгтэй 12 нийт 24 шатрын спортын шилдэг тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс 1-р байранд Алдар спорт хорооны тамирчин, их мастер Ц.Батчулуун тэргүүлж, 2017 оны Монгол Улсын аваргаар тодорсон бол удаах байруудад Хэнтий аймгийн харъяат, ТЕГ-ын Эрч спорт хорооны тамирчин ОУМ У.Насанжаргал, Сүлд спорт хорооны тамирчин ОУМ С.Билгүүн, Дорноговь аймгийн тамирчин, СМ Б.Ариунбүүвэй, Өвөрхангай тамирчин ОУМ Г.Мөнхгал нар шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдээс 1-р байранд Хан Алтай клуб, МУИС-ийн тамирчин ЭОУМ Ү.Үүрийнтуяа шалгарч аваргалсан бол, 2-р байранд Хэнтий аймгийн харъяат, Сүлд спорт хорооны тамирчин ОУМ, МУГТ Т.Батчимэг шалгарч, Алдар спорт хорооны тамирчин ЭОУМ Д.Янжиндулам, Дорнод аймаг Хан Хөхий клубын тамирчин СМ Б.Амина, Абико ХХК-ийн тамирчин ЭОУМ Б.Анхчимэг нар удаах байруудыг эзэллээ.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч, Дадал сумын уугуул иргэн Р.Ганзориг, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУАЖ А.Энхтайван, Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, БОАЖЯ-ны аялал жуулчлалын асуудал хариуцсан зөвлөх Д.Гансүх, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, Бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга С.Батболд, УИХ-ын гишүүний зөвлөх С.Батцэцэг, Л.Намуунгэрэл, Монголын шатрын холбооны МУГДасгалжуулагч П.Жигжидсүрэн, дэд ерөнхийлөгч Т.Сумъяа, дэд ерөнхийлөгч Ц.Цогбаяр тэргүүтэй хүндэт зочид оролцож, шагнал гардууллаа.
Энэхүү тэмцээн нь 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буйгаараа онцлог болсон юм. Шатарчдын хувьд ч Эзэн чингис хааны төрсөн нутагт энэхүү тэмцээн болж байгаад тун талархалтай хандаж байсан бөгөөд “Их хотын дуу чимээнээс хол нам тайван орчинд зохион байгуулсан нь тамирчид биднийг тоглолтондоо орж тоглоход их дөхөм болсон” гэж ярьж байлаа.
2017 оны УАШТ хөдөө орон нутагт зохион байгуулагдсан хэдий ч зохион байгуулалтын болон техникийн хувьд өндөр түвшинд хангагдаж, шатарчдын тоглолтын өргийг интернэтээр дамжуулан дэлхийн 180 оронд шууд үзүүлсэн нь Дэлхийн шатрын холбооноос өндөр үнэлгээ авчээ. Тус холбооны зүгээс 2020 оны "Шатрын дэлхийн олимп"-ыг шаардлага хангасан нөхцөлд манай оронд тэр дундаа Дадал суманд зохион байгуулах боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгасан байна.
Д.Одонтунгалаг