Охид дээрэм хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-19 22:37:24

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн 9-р ангийн сурагч Х-г хоёр охин дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-ны өдөр гарч, одоо шалгагдаж байна.

Бор-Өндөр сумын 12 дугаар ангийн сурагч О, дөрөвдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О нар сурагч Х-г оройн 20 цагийн үед бэлтгэлээ тараад харих замдаа явж байхад нь дээрэмджээ. Тэд мөнгө, гар утас нэхэн, халаасыг нь ухаж 2700 төгрөгийг нь авч, өшиглөж цохисон байна. Эдгээр сурагчид нь оршин суух хаяггүй, айлд байдаг, сүүлийн хоёр, гурав хоног гадуур тэнэж, найз нөхдөөрөө хоноглож байсан гэнэ.

Энэхүү гэмт хэрэг нь хохирол шаарддаггүй, ял өндөртэй гэмт хэргийн төрөлд ордог аж. Иймээс эцэг эхчүүддээ анхааруулахад, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж, хаана, юу хийж байгааг нь мэддэг байх, оройн үдшийн цагаар дугуйлан, секцэнд хүргэж өгч, авч хэвших хэрэгтэйг дээрх хэрэг анхааруулж байна.

Д.Одонтунгалаг

Related news