Мал үржлийн ажлын стратеги боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Малын үржил селекцийн ажлыг чанаржуулж, үүнд чиглэсэн орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулахаар болж байна. Үүний тулд малчид, мал бүхий иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал бодлыг нь сонсохоор ажлын хэсгийг аймгийн Засаг дарга томилжээ.
Дундговь аймгийн малчид 2016 оны эцэст 3 сая 50 гаруй мянган толгой мал тоолуулсан. Мал сүрэг ингэж өсч байгаа нь сайн хэрэг боловч олон талт хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр ус хомсдож байгаа говийн нөхцөлд малынхаа тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах шаардлага малчдад тулгарч ирж байгаа юм. Малынхаа тоонд бус ашиг шимд анхаарах нь чухал. Харин үүний тулд малын үржил селекци чанартай, шинжлэх ухааны үндэстэй хийгддэг, төр үүнд бодлогоо чиглүүлдэг байх нь малчдад илүү тустай гэдгийг малчид хэлдэг.
Энэ шаардлагад нийцүүлж дээрхи стратеги төлөвлөгөө гарна. Гэхдээ малчдын олон талын санаа бодолд үндэслэн боловсруулах юм. Түүнчлэн мал сүргийнхээ ашиг шимийн дундаж үзүүлэлтийг тогтоож,орон нутгийн онцлогт тохирсон тэсвэр хатуужил сайтай, ашиг шим өндөртэй малыг илрүүлэхэд дээрхи ажлын хэсэг зорилго чиглүүлэн ажиллах юм байна.
Т. Отгонтуяа