“Залуу ээжийн клуб” арав гаруй сургалт явуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /MOНЦАМЭ/. Тус аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар энэ сарын есөнд “Залуу ээжийн клуб”-тэй хамтарч Дархан сумын баг бүрийн төлөөлөл 37 залуу ээжийг оролцуулсан “Хатан ухаан” өдөрлөг зохион байгуулж явуулав.
Өдөрлөгийн үеэр оролцогчдод “Гэр бүл төлөвлөлт, харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн талаар сургалт явуулж урлагийн тоглолт сонирхууллаа. Мөн оролцогчдын дотроос азтантанаар дөрвөн ээжийг тодруулж фитнес, гоо сайхны сургалтад үнэгүй хамрагдах эрхийн бичгээр урамшуулав.
Тус клуб нь долоо хоногийн турш залуу гэр бүлүүдэд гэр бүл төлөвлөлт, ээж болоход бэлтгэх, нярай хүүхдийн асаргаа, хооллолт, эх хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж тулгамдсан асуудлаа зөвлөлдөж шийдэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг тухай аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Соёлмаа ярилаа. Эднийх тогтсон цагийн хуваариар англи хэл, гар урлал, шүрэн эдлэл, зүү ороох, зумба, гоо сайхны зэрэг арав гаруй сургалт зохион байгуулж явуулснаар Дархан хотын 18-35 насны олон залуу ээжүүд харилцан бие биенээсээ суралцаж өөрсдийгөө хөгжүүлж байгаа ажээ.
Б.Норовсамбуу