1000 ээжид хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Аймгийн Залуучуудын холбооноос “Миний сайхан ээж 1000” хүндэтгэлийн цэнгүүнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Хүндэтгэлийн цэнгүүнд Төв аймгийн 27 сумаас нийт 1200 гаруй эмэгтэй оролцлоо.
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан болж байгаа уг арга хэмжээг Төв аймгийн Залуучуудын холбоо, ЗДТГазар, Зүүний хүчний холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Зуунмод сумын ЗДТГ зэрэг газрууд хамтран зохион байгуулжээ.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон бусад зочид төлөөлөгчид оролцож бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд төр нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн 90 гаруй ээжүүд, эхчүүдэд төрийн болон яам агентлагийн жуух, хүндэт тэмдэг зэргээр энгэрийг нь мялаалаа. Шагналын хур үүгээр дууссангүй есөн ээжийг Залуучуудын холбооны тэргүүнээр тодруулсан юм.
Цэнгүүний үеэр Ардын жүжигчин, дуучин А.Долгор болон гавьяатуудын тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд тоглолтын дундуур олон олон гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа.
Т.Есүхэйтөмөр