Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад Дундговиос 30 иргэн бүртгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 15 иргэн бүртгүүлсэн байна.
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ- д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд энэхүү шалгалтыг авахаар бүртгэлийг өнөөдөр эхлүүлсэн.
Дундговь аймгийн хувьд 30 иргэн бүртгүүлнэ. Ял шийтгэгдэж байгаагүй, Солонгос улсаас албадан гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй 18- 39 настай иргэн өөрийгөө солонгос хэлний сургалтаар бэлтгэгдсэн, шалгалтад тэнцэнэ гэж үзэж байгаа бол эл шалгалтад бүртгүүлэх эрхтэй. Иргэд Төрийн банкин дахь тусгай дансанд 24 доллартай тэнцэх монгол төгрөгийг тушааж, өөрийн биеэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хандан бүртгүүлж байна.
Бүртгэл өнөөдөр, маргааш болон 9- ний өдөр үргэлжлэн дуусна.
Т. Отгонтуяа