Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-20 17:48:24

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Сан Марино Улсын Төрийн тэргүүн Марио Рикарди, Фабио Берарди нарт энэ 2 дугаар сарын 16-ны өдөр Сан Марино Улсын Төрийн Ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

Сан Марино Улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Сангийн сайд Симоне Челли, Элчин сайд Ц.Жамбалдорж нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус үг хэлсэний дараа Төрийн тэргүүн нар Элчин сайд Ц.Жамбалдоржийн Итгэмжлэх Жуух Бичгийг хүлээн авав.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсны дараа Төрийн тэргүүн Марио Рикарди, Фабио Берарди нар Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг Сан Марино Улсын Төрийн тэргүүн нарт уламжлав. 2017 он нь Монгол, Сан Мариногийн хувьд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буй ихээхэн онцлогтойг Элчин сайд цохон  тэмдэглэв. Тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг  дурдаад, цаашид бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө  идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.

Итгэмжлэх Жуух Бичиг барихад Сан Марино Улсын Сангийн сайд Симоне Челли, Төрийн тэргүүний Тамгын газрын дарга, ГХЯ-ны улс төрийн газрын захирал,  Ёслолын албаны захирал зэрэг албаны хүмүүс байлцав

Related news