Улсын шигшээ багт багтан олон улсын тэмцээнд оролцохоор болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/ Олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаас оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд Дундговь аймгийн шигшээ багийн бас нэгэн тамирчин шалгарсан байна.
Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах U14 сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид зардал мөнгөгүйгээс оролцож чадаагүй бөгөөд харин шигшээ багийн тамирчин Э.Идэржавхлан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багт тоглож, уг тэмцээнд амжилттай оролцжээ.
Түүний тоглосон баг тэмцээний алтан медалийг зүүж, өөрөө шилдэг тоглогчийн шагналыг хүртэн, улмаар ирэх дөрөвдүгээр сарын эхээр ХБНГУ- д болох сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багт тоглох эрхийг авсан байна.
Сүүлийн жилүүдэд Дундговь аймагт багийн спорт, ялангуяа сагсан бөмбөгийн спорт өсвөр үеийнхний дунд хөгжиж байгаа юм. Одоогоор аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэд өсвөрийн шигшээ 5 баг дасгалжуулагч О. Буянтогтохын удирдлага дор хичээллэж байна. Энэ багийн тамирчид сагсан бөмбөгийн спортын талбарт үнэлэгдэж, улсын шигшээ багт багтан олон улсын тэмцээнд оролцох эрхийг сүүлийн 3 жилд авч байгааг дасгалжуулагч О. Буянтогтох хэлсэн юм.
Тодруулбал, 2014 онд өсвөрийн тамирчин Э. Саруул- Эрдэнэ, У.Наранцацрал, Б. Содном- Иш нар АНУ- д болсон “Continental cup” тэмцээнд, 2016 онд М. Пүрэвхүү, Х.Дашравдан нар НҮБ- ын ивээл дор Австри улсад зохион байгуулсан "United Wold Game" олон улсын хүүхдийн спортын наадам болон Саха улсад болсон Азийн хүүхдийн спортын 6-р наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багт багтан тоглож байжээ.Амжилт ч өндөртэй байдаг гэлээ. Австри улсад болсон "United Wold Game" тэмцээнээс гэхэд М. Пүрэвхүү шийдвэрлэх агшинд хожлын шидэлт хийж, нэг онооны илүүгээр Унгарын багийг хожин, эх орондоо хүрэл медаль авчирч байсан удаатай.
Эдгээр амжилтыг түүчээлэн энэ онд олон улсын тэмцээнд дахин нэг шилдэг тоглогчоо илгээх гэж байгаадаа баяртай байна гэж дасгалжуулагч О. Буянтогтох сэтгэгдэл хуваалцлаа.
Т. Отгонтуяа