Их номчийн идэж байсан бантан хүртэл хадгалагдаж үлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Зава Дамдин гавжийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өмсч байсан хувцас, шашны эдлэлүүд амьдарч байсан гэрийн нь хамт Дундговь аймгийн музейд хадгалагддаг. Энэ онд их номчийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойд зориулан их номчийн гэр музейг тэрэгтэй болгохоор аймгийн музейн хамт олон төлөвлөж байна.
Энэ нь модон тэрэг байна гэлээ. Эзэн Чингис хаан аян дайнд мордохдоо үхэрт хөллөсөн тэрэгний данзан дээр нь ноёд баатруудынхаа өргөөг барьж, их цэргийн араас хөдөлгөдөг байсан шиг тийм хийцтэй тэрэг байх юм байна. Үүнд орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсч байгаа ажээ.
Монголын шашин хийгээд шинжлэх ухааны салбарт үлдэх гавъяатай энэ түүхэн хүний таван настайдаа өмсч байсан монгол цамцнаас эхлээд амьдралынхаа сүүлийн мөчид идэж байгаад орхисон тавагтай бантан нь халбагатайгаа, цай, давс, гурил нь хавтагатайгаа, арц хүж нь савтайгаа, сүүлийн удаа уншиж байгаад орхисон ном нь тэр чигтээ музейн үзмэр болсон байдаг.
Зава Дамдин гавжийн эд зүйлс бүхэн сонирхол татахаар. Оросын жуулчин Николай Пржевальскийн дурсгасан орос дэнлүү, шаазан таваг хүртэл бүтнээрээ байна. Биеэрхүү том хүн байсныг илтгэх дээл, амьдарч байсан гэхэд чац багадахаар жижиг гэр, тулга, тогоо шанага, ширээ, олбог дэвсгэр нь бүгд зохилдсон, бурхан шашны эд хэрэглэлүүд нь өнгө засан, бүрэн бүтнээрээ хадгалагдаж байна.
Гэр музейг хэрхэн бий болгосон түүх сөхвөл, Дэлгэрийн Чойрын хийдийн туурыг сахиж үлдсэн Зава гавжийн үнэнч шавь Гэмпил 1937 онд багшийгаа өөд болж, бурхан шашин, сүм хийдэд халтай цөвүүн цаг ирэхэд хийдийнхээ бүх эд зүйлсийг Бага газрын чулууны агуй бүрт нууж үлдсэн гэдэг. Хаврын хаварт хүн амьтнаас нууж салхи сэвээр оруулан, өгөршиж муудахаас сэргийлэн нандигнасаар 1990 онтой золгосон гэдэг. 1996 онд музейн захирал асан Л. Мөнхбаяр нарын хэдэн хүн бүтэн сар гаруйн хугацаанд Чойрын хийдэд байж, Гэмпил гуай тэдэнд хэдэн амбаар дүүрэн эд зүйлсийг ширхэгчлэн хүлээлгэж өгсөн гэдэг. Ийнхүү 1997 онд Зава Дамдин гавжийн мэндэлсний 130 жилийн ой тохиоход түүний гэр, эд зүйлс иж бүрнээрээ музейн үзмэр болж дэлгэгдсэн түүхтэй.
Зава Дамдин гавжийн гэр бол Дундговийн музейн нэрийн хуудас болохуйц түүхэн үзмэр. Тиймээс түүний мэндэлсэн 150 жилийн ойг тохиолдуулан гэр музейг эртний монгол урлал хийц бүхий модон тэргэн дээр суурилуулахаар ийнхүү төлөвлөжээ
Т. Отгонтуяа