Өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийн хуулийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-08 09:49:13

УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох нь.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Үүнээс гадна Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх юм. Мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенци, нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл, Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар салбарын сайдын мэдээлэл сонсоно.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 11 цагаас хуралдах бол агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр", Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг тус тус хэлэлцэхийн зэрэгцээ БХЯ-ны 2016 оны үйл ажиллагааны тайлан сонсох юм.

Б.Туул

Related news