"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг маргааш хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-07 17:21:15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуралдааны шатанд тус хуулийн төсөлтэй холбоотой 52 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэх байсан хуралдааны цаг дууссан тул маргааш болгож хойшлууллаа.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг маргааш хэлэлцэх нь.

Б.Туул

Related news