"Монгол тууль"-ийн уламжлал сэргэснээр удмын туульчид дахин төрснийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-01-31 13:02:51

2013-2016 онд ЮНЕСКО-гийн санхүүжилтээр хэрэгжсэн "Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь" төслийн хүрээнд “Монгол тууль” 12 боть цуврал ном хэвлүүлснийг өнөөдөр танилцууллаа.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд хэлэхдээ, "2009 онд “Монгол тууль”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр судалж байхад монгол даяар тууль хайлдаг 7-8 хүн байсан бол эдүгээ төслийн үр дүнд Урианхай, Баяд, Дөрвөд, Халх ястны төлөөлөл 11 авьяастан энэхүү ховор нандин өвийг өвлөн уламжилж, 30 орчим өсвөрийн авъяастан өвлөн суралцаж байна" хэмээн онцлов.

“Монгол туургатны туульчид” I ботийг Соёлын өвийн төвийн санхүүжилтээр, II-XI ботийг  төслийн санхүүжилтээр, XII ботийг БСШУСЯ-ны санхүүжилтээр тус тус хэвлүүлжээ.

Энэхүү цуврал ботийг бүтээхэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Катуу, Т.Баясгалан, А.Алимаа, соёл судлаач С.Юндэнбат, өвлөн уламжлагч Э.Баатаржав, Ховд Их сургуулийн багш, тууль судлаач, доктор М.Ганболд нар хамтран ажилласан байна.

Уг цувралд “Монгол туургатны туульчид”, “Заяын Гэсэрийн тууж”, “Жангар”, “Бум-Эрдэнэ” I, II хувилбар, “Халх тууль”, “С.Буянгийн туульс”, “Э.Баатаржавын хайлсан туульс Баян-Алтайн гуч”, “Г.Самданы туульс”, “Эрийн сайн Хан харангуй”, “Монгол сонгодог туульс”, “Алтайн урианхай Занын Жилзэрийн удмын туульчид” хэмээх 12 боть багтжээ.

Мартагдаж голомт нь тасарч байсан дөрвөд, баяд тууль сэргэн амилж, удмын туульчид дахин төрсөн нь энэхүү төслийн томоохон амжилт, үр дүн билээ. Мөн туульчид өөрсдийн уламжилж яваа өвийнхөө тухайд бахархал омогшилтой болж, ур чадвар, урын сангаа нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай хандах, урлагийн нийгмийн үнэлэмж сайжирч, орон нутгийн болон үндэсний аливаа ёслол хүндэтгэлийн зан үйлд тууль, туульчдын оролцоо, эрэлт хэрэгцээ өссөн зэрэг ахиц дэвшил гарахад ихээхэн нөлөөлж байгааг Соёлын өвийн төвийн Биет бус өвийн хадгалалт хамгаалалтын хэлтсийн дарга А.Саруул хэллээ.

Нээлтийн үеэр эдгээр ботийг улсын номын сангууд, музейнүүдэд хандивласан юм. Бүтээлүүдийг ойрын хугацаанд нийслэлийн бүх дүүргүүд болон 21 аймаг, 330 сумд номын сангаар нь дамжуулан үнэ төлбөргүй тараах аж.
 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news