Нөөцийн өвсийг малчдад үнэ төлбөргүй олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Онцгой комисс аймгийн “Аюулгүйн нөөц”-д байгаа 49 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргалаа.
Аймгийн ХХААГ-ын мэдээгээр 2016-2017 оны аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд аймгийн хэмжээнд 2,5 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 324,2 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 661,6 мянган толгой мал өвөлжиж хаваржих юм байна.
Энэ онд 155,4 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Одоогоор 62 малчин өрхийн 3298 толгой бод мал, 12814 толгой бог мал отроор өвөлжиж байгаа судалгаа гарсан бол өөр аймаг суманд нийт 16112 толгой мал оторлож байгаа аж.
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2015 онд 5000 боодол буюу 100 тонн өвс бэлтгээд хадгалагдаж байсныг сумдад 4600 буюу 92 тонн өвс хуваарилсан. Аймгийн аюулгүй нөөцөд 2450 боодол буюу 49 тн өвс нь зарцуулагдаагүй үлдсэн. Засаг даргын нөөц хөрөнгө 6 сая төгрөгөөр 21.4 тонн малын тэжээл нөөцөлснөөс өнгөрсөн 11 дүгээр сард сумдын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр долоон тн хивгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тарааж олгосон. Одоогоор 14,4 тонн хивэгийн нөөцтэй үлджээ. Аймгийн Засаг дарга С.Насанбат бүх сумдын Засаг дарга нарт өвс тараах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ирэх сарын 10-ны дотор малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг бүх сумдын Засаг дарга нарт даалгалаа.
Б.Норовсамбуу