Дэд бүтцийн байгууллагуудад гурван том ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт-2017” зөвлөлгөөн болов.
Зөвлөлгөөнд ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Эрчим Хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар болон тус аймгийн эрчим хүч, ус суваг зэрэг дэд бүтцийн байгууллагуудын удирдлагууд, чөлөөнд гарсан ахмад инженерүүд оролцлоо.
Тус аймаг нь 2013 онд “Түлш эрчим хүчний хангамжийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага” сэдэвт зөвлөлгөөнийг аймагтаа зохион байгуулж холбогдох яамдын удирдлагууд оролцож тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж бодит ажил болгож байсан туршлага бий.
“Энэ жил ”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 35 мвт-ийн өргөтгөлийн ажил, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх өргөтгөл, Дулааны тоноглолын найдвартай ажиллагааг хангах зэрэг үндсэн гурван том ажил хийгдэнэ.
Цаашид Дархан хотыг орчин үеийн дэвшилтэт техник технологитой, дулаан алдагдлыг бууруулах үндсэн чиглэл бүхий ухаалаг системтэй ногоон орчныг дээдэлсэн цогц дулаан хангамжийн системтэй болгож хамгийн гол нь хүн амын ундны усны стандартыг хангасан хэрэгцээний халуун ус, чанар стандартын шаардлага хангасан боломжийг бүрдүүлэхийн тулд санаа оноо авч ажил хэрэг болгох үүднээс энэхүү зөвлөгөөнийг аймагтаа хийж байна. Энэхүү зөвлөлгөөний үр дүнд салбарын яамдуудтай хамтарч ажиллах боломж илүү нээгдэнэ. Мөн техник технологийн шинэчлэлүүд хийгдэж эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн судалгаануудыг харилцан солилцож туршлага судлаж хоорондын уялдаа холбоо сайжрах давуу талтай” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат онцлов.
Б.Норовсамбуу