Сэлэнгэ аймгийн Хушаат суманд чипс үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-04 15:08:58

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Элит үр" ХХК компанийн дэргэд чипс буюу савхан төмсний үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна.

Эднийх чипс, савхан төмсний үйлдвэрийг энэ жил ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангажээ. Энэхүү хүүхдүүдийн амтархан иддэг чипс буюу савхан төмс нь ихэвчлэн хятад улсаас орж ирдэг. Иймээс тус компанийн зүгээс гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг монголдоо татах зорилгоор энэхүү үйлдвэрийг байгуулсан байна.

Шинэхэн үйлдвэрийнхээ талаар тус компанийн захирал С.Нямжав:”Манайх үйлдвэрээ хөдөөд Хушаат сумандаа ажиллуулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гаднаас орж ирж байгаа савхан төмс, чипсийн 20 хувийг хангах тооцоо хийсэн. Бид жилдээ 50 тонн савхан төмс үйлдвэрлэх хүчин чадалтай Германы тоног төхөөрөмж суурилуулж үйлдвэрээ бүрэн тоноглосон. Хушаат сумандаа ажиллах учраас Хушаатын иргэдээ авч ажиллуулна. Энд 20-иод хүн шинэ ажлын байртай болох юм” хэмээн ярилаа.  

Тус “Элит үр” ХХК нь төмсний төрөлжсөн аж ахуй бөгөөд монгол оронд тариалж байгаа төмсний үрийг дангаараа үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм. Өнгөрсөн жилийн хувьд тус аж ахуй нь 50 га талбайд төмс тариалж, 1206 тонн буюу га-гаас 252 цн ургац хураан авчээ. Өнөөдөр монгол оронд таригдаж байгаа төмсний 6 шинэ сортын элит үрийг тус компани үйлдвэрлэн гаргадаг бөгөөд 21 аймгийн 260 гаруй суманд нийлүүлэг аж.

Эднийх үйлдвэрлэлдээ Германы техник, Голланд технологийг нэвтрүүлэн ажилдгаараа бас нэгэн давуу талтай аж. Үүнийхээ үр дүнд ч өндөр ургац авдаг байна. Дээр нь хэлэхэд төмсний эрүүл, элит үрээр тариалалт хийснээр тухайн аж ахуйн нэгжүүд 4-5 жилдээ тогтмол ургац авах боломжтой байдаг гэнэ. Одоогийн байдлаар монгол оронд нутагшсан гала, солист, санта, куварта, анушка, чеподи сортуудыг тариалж байгаа бөгөөд чеподи сортоор чипс, савхан төмс хийдэг байна.

Ч.Отгонцэцэг

 

Related news