Ашиг шим сайтай малынхаа удмын санг хадгалах арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-30 22:45:43

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчид ховордсон зарим Ашиг шим сайтай малынхаа удмын санг хадгалах асуудлаар санал нэгдэн ажиллаж байна.  

Энэ жил Сэлэнгэ аймгийн тухайд өвөлжилт хүндхэн байгаа сумдын тоонд Хушаат сум багтаж байгаа. Тус сум мал тооллогын урьдчилсан дүнгээр 300 гаруй малчин, мал бүхий өрх айлд 48.0 мянга орчим толгой мал тоолуулжээ. Эдгээр малаас 2700 орчим нь цэвэр үүлдрийн буюу цэврийн дараах эрлийз үүлдрийн Казакийн цагаан толгойт  үхэр аж. Түүнчлэн бод төдийгүй бог малынхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч баяд омгийн хониндоо үзэмчин угсааны хуц тавьсан байна. Энэхүү ажил үр дүнгээ өгч сумын хэмжээнд 13.0 мянга орчим цэвэр үүлдрийн бог мал тоолуулжээ.

Тус сумын малчид Казакийн цагаан толгойт үүлдрийн үхэр буюу баяд омгийн үзэмчин хониныхоо удмын санг хадгалж үлдэх тал дээр хоршин ажиллаж эхэлсэн байна. Нэг үе малчид малын чанар биш тооны араас хөөцөлдөж байжээ. Харин сүүлийн жилүүдэд цаг уур хувьсан өөрчлөгдөж  зундаа хэт халах, өвөлдөө хэт хүйтрэх байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлсүүд малчдын өмнө тулгарах болсноор ийнхүү ашиг шим сайтай малынхаа удмын санд анхаарах болжээ.

Хушаат сумын 1-р багийн “Тарвагатай” хэмээх газарт өвөлжиж байгаа малчин С.Сүхдаваагийнх бод, бог нийлсэн 800 гаруй мал тоолуулсан байна. Эдний нийт малын 100 орчим нь цэвэр үүлдрийн Казакийн цагаан толгойт үхэр, бог малын 50 орчим хувь нь үзэмчин, барга үүлдрийн хонин сүрэг байгаа аж. Мөн нэлээд хувьд нь торгууд үүлдрийн хонь өсгөж байгаа гэнэ. Ийнхүү Хушаат сумын малчид цаашид чанартай ашиг шим сайтай мал өсгөх бодлогоо улам боловсронгуй болгон ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

Related news