Малчдад туслах сайн үйлсийн аяныг сурагчид эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн нийт нутгаар цастай, өвөлжилт хүндхэн байгаа энэ үед Хэрлэн сумын Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн сурагчид, эцэг эхтэйгээ хамтран малчдад туслах сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүллээ.
Тус аймгийн хэмжээнд цас их орсноос малын хөл туурай халцарч бэлчээрт гарахад хүндрэлтэй байгаа энэ үед малчдад өвс тэжээл, бээлий бэлтгэн хүргүүлэх тухай тус сургуулийнхан удирдамждаа дурдан уриалгыг төвийн бүх сургуульд хүргүүлжээ.
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит тавдугаар сургуулийнхан өөрсдийн санаачилсан сайн үйлсийн аяны хүрээнд 120 боодол өвс, 54 шуудай хивэг, 300 хос бээлий цуглуулснаа өнөөдөр Хэрлэн сумын захиргаанд хүлээлгэн өгөв.
-Бид дээрх сайн үйлсийн аяныг сургуулийнхаа сурагчдын эцэг эхтэй хамтран зохион байгууллаа. Өмнө нь бид лаа чүдэнз, элгэвч нэмнээгээр тусалдаг байсан бол энэ удаад малчдын дунд судалгаа явуулж эн түрүүнд өвс тэжээл, бээлий нэн чухал гэдгийг мэдэж, уриалгадаа анги бүр 2 боодол өвс, 1 шуудай хивэг гэж заасан. Аймгийн төвийн 11 сургууль энэ аянд нэгдсэнээр Хэрлэн сумынхаа малчдад туслах бүрэн боломжтой юм гэж тус сургуулийн захирал Ж.Болормаа ярилаа.
Сурагчдын эхлүүлсэн сайн үйлсийн аян энэ сарыг дуустал үргэлжлэх гэнэ.
Б.Туяа