Томуугийн өвчлөлийн дийлэнх нь хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДТомуугийн өвчлөл Дорнод аймгийн төвд өндөр хувьтай байна. Үзлэгийн 10,2 хувийг эзэлж байгаа томуу, томуу төст өвчлөлийн 75,6 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн хүлээн авах тасгийн эмч нар 17-22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.
Тус төвийн хэмжээнд 4 палат 14 ор нэмэгдүүлжээ. Түүнчлэн эрсдэлт бүлгийн хүн ам жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 нас хүртлэх хүүхэд, 65, түүнээс дээш насны уушигны архаг эмгэгтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээллээ.
Одоогоор тус аймгийн хэмжээнд сайн дурын дархлаажуулалтыг 100 хүнд хийж, нэмэлтээр хувь хүмүүсийн хүсэлтээр 1870 хүн тун вакциныг захиалаад байгаа гэнэ. Тархвар судлалын заалтаар Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд томуугийн вакцинд хамруулаад байна.
Б.Туяа