Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 18:55:32

Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнээс болж аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал их байна.

Тиймээс аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатын ахалсан ажлын хэсэг тус Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонслоо. Тус Хүүхдийн тасагт энэ сарын 19-ний байдлаар 86 бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүүхэд хүндэвтэр байгаа бол 70-80 хувийг 0-2 насныхан эзэлж байна.

Одоогоор эм тарианы хангамж хэвийн байгаа ч цаашид өвчлөл нэмэгдвэл эм тариа хомсдох магадлалтай. Тиймээс нэн шаардлагатай эм тарианы төсвийг ЭМГ-аас аймгийн удирдлагуудад яаралтай танилцуулахаар болов. Түүнчлэн амбулаторийн үзлэгт хүүхдийн эмчээс гадна хувийн хэвшлийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар шийдвэрлэлээ. Мөн эмч ажилтнуудын эрүүл мэндэд анхаарч тэдний ажиллах цагийн хуваарийг зөв зохион байгуулахыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат ЭМГ-ын удирдлагуудад үүрэг болголоо. Энэ үеэр иргэд шууд Хүүхдийн тасагт хандаж олноор дараалал үүсгэлгүй харьяа өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандаж анхан шатны тусламж үйлчилгээг авах нь чухал гэдгийг онцолж эмч мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлж ажилахаар боллоо.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news