Богдын дархан тэмээн сүргийн нутагт тэмээний тоо толгой өссөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-20 11:17:40

Дундговь аймгийн Өндөршил сумынхан жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээ гаргасан байна. Тус сумын малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн бөгөөд үүн дотор тэмээн сүргийн тоо толгой 2 мянгыг давж өссөнийг олзуурхан онцолж байна.

1993 оноос хойш тэмээн сүргийн тоо анх удаа 2 мянга давж өссөн гэж сумын Засаг даргын орлогч Н.Сэрээтэр ярьсан юм. Тус сумын “Энхтайван” нэгдэл 1973 онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, нэгдлийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэн, материаллаг бааз сууриа сайжруулан хөдөлмөрлөсөнөө төрд үнэлүүлж "Алтан гадас" одонгоор шагнуулсан байдаг. Тэр үед 6100 тэмээтэй байжээ.

1990 он гэхэд тэмээн сүргийн тоо 5800 болж буурсан бөгөөд 1991 онд 4900, 1992 онд нэгдэл тарах үед бүр 2600 болж огцом цөөрсөн байна. Түүнээс хойш жил тутам тэмээн сүргийн тоо цөөрсөөр 2010 онд 1200 тэмээ тоолуулжээ.

Өндөршил сум хэзээнээс нааш тэмээ идээшиж өсөх таатай бэлчээр нутагтай. 18- р зууны тэргүүн хагаст Манж нар Зүүн гар Ойрадтай байлдахдаа халх олноос албан татварын журмаар цэргийн хэрэгцээнд зориулан мал хуримтлуулсан гэдэг. Хуримтлуулсан малаас тэмээг нь бэлтгэл сүрэг болгож зүүн баруун хэсэгт хуваан зүүнийг нь Түшээт хан аймгийн говь нутагт эгэл ардуудаар маллуулсан түүхтэй. Тэр нь одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын ихэнх нутаг юм. Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд тэмээчид нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байжээ.Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсаны дараа энэхүү тэмээн сүрэг Áîãä хааны дархан òýìýýí ñ¿ðýã áîëñîí  гэдэг.

Тэмээн сүрэг идээшин өсч байсан ийм түүх тус сумыханд бий. Энэ онцлогоороо жил тутамд цөөрсөөр ирсэн тэмээн сүргээ өсгөх “Төмөр тэмээ” хөтөлбөрийг тус сум хэрэгжүүлдэг гэдгийг Засаг даргын орлогч хэлсэн юм. Тэмээчдийн холбоо байгуулж, тэмээтэй малчин өрхөө аймаг, сумын сайн малчинд тодорхойлон урамшуулах зэргээр тодорхой бодлого баримталсаны үр дүнд сүүлийн 5 жилд тэмээний тоо толгой өсч, энэ оны эцэст ийнхүү 2054 тэмээ тоолуулсан байна.

Тус суманд хамгийн олон буюу 246 тэмээ тоолуулсан нь 1-р багийн малчин М.Энхтүвшингийнх болжээ.

Т. Отгонтуяа         

Related news