Вакцин хийсэн хонь цэцэг өвчнөөр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 16:49:47

Дундговь аймгийн Дэрэн сумын  нутагт хонины цэцэг өвчний улмаас хорио цээрийн дэглэм өчигдрөөс эхлэн тогтоосон. Мөн энэ сарын 8- наас эхлэн Баянжаргалан сумын Хормойн бууц хэмээх  газар хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юм.

Хонины цэцэг өвчин илэрсэн дээрх хоёр сумын малчин өрхүүдийн хувьд өнгөрөгч наймдугаар сард цэцэг өвчний эсрэг вакцин тарьсан боловч өвчин ийнхүү халдварласан байна.

Вакцин тарьсан хонь цэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдол өнгөрөгч сард Говь- Угтаал суманд ч гарч, хорио цээрийн дэглэм тогтоож байсан юм. Вакцин тарих явцад горимын ямар нэг алдаа дутагдал гарснаас вакцин тариулсан мал өвчний халдвар авч байгааг үгүйсгэхгүй гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Б. Мөнхжаргал хэллээ.

Тухайлбал, вакциныг найруулсан даруйдаа 24 цагийн дотор хонинд тарих ёстой боловч Дэрэн сумын дээрх малчны малд найруулсан вакциныг 7 хоногийн дараа тарьсан байна. Ингэхдээ малын эмч өөрөө биш өөр хүн явуулж вакциныг тариулсан байгаа юм. Үүнд нь “Дэрэн уул” мал эмнэлэгт торгуулийн шийтгэвэр ногдуулж байгаа гэлээ.

Цэцэг өвчин бол вирусээр үүсгэгддэг. Вирус хүйтэнд тэсвэртэй байдаг тул энэ өвчнийг газар авахуулахгүй байхад бүх нөөц боломжийг дайчлан ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга хэлсэн юм. Шаардлагатай бол маргааш аймгийн Онцгой комиссыг хуралдуулна гэв.

Хонины цэцэг өвчний голомт үүссэний улмаас өнөөдрийн байдлаар Дундговийн 3 суманд хорио цээрийн дэглэмтэй байна.

Т. Отгонтуяа         

 

Related news