Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Хади Сулейманпурыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-14 16:21:39

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд, ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төвийн захирал Хади Сулейманпурыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.

Найрсаг уур амьсгалд болсон уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхийн эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЛБНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд Хади Сулейманпур Монгол, Ираны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн нөөц, бололцоо байгааг дурдаад, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улсыг дэмжихээ дахин нотлов. Мөн Ираны Засгийн газрын шугамаар перс хэл, түүхийн чиглэлээр монгол оюутнуудыг Иранд сургахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уулзалтаар талууд Ил Хаант Улсын түүхийг судлах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хамтарсан хорооны II хуралдаан, мөн 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвөлж буй ”ГЭРЭГЭ: 13-14 дүгээр зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйл” сэдэвт Олон улсын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Related news