“Найрамдал” талбайн мөсөн хотхонд шинэ жилийн цэнгүүн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-15 23:19:20

Дархан-Уул аймгийн шинэ жилийн баяр “Мөнгөн өвөл”-ийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатын ахалсан ажлын хэсэг хуралдав.

Ажлын хэсэг аймгийн нэгдсэн шинэ жилийн цэнгүүнийг “Залуучууд театр”-ын өмнөх “Найрамдал” төв талбайд энэ сарын 31-ний 20 цагаас үдшийн 00 цаг хүртэл тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ үдэш аймгийн удирдлагууд Дарханчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж уран бүтээлчдийн тоглолтоор бэлэг барина.

Түүнчлэн шинэ оноо угтах хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээсэн “Мөсөн баримал” урлалын шилдгүүдийг шадгаруулж шагнал гардуулах бол тусгайлан бэлдсэн баярын салют буудуулах юм байна.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат: “Одоогийн байдлаар мөсөн гулгуур, мөсөн баримал хийх болон зам талбайн цас мөсийг арилгах зэрэг ажлыг холбогдох байгууллагууд хийж эхлээд байна. Тухайлбал: Дархан Дулааны цахилгаан станц ТӨХК нь 12 жилийн мөсөн баримал, Нийтийн Аж ахуй үйлчилгээний газар сүлд модоо байрлуулан чимж аймгийн ОБГ-ынхан “Мөсөн гулгуур” хийх зэргээр хэд хэдэн газарт мөсөөр бяцхан хотхонуудыг байгуулахаар ажиллаж байна” гэв.  

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news