Чихрийн шижингийн өвчлөлт нь буруу хоололтоос нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-15 13:43:49

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд Монголын диабетын холбооноос чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь оройтож илрүүлсэнээс болж үр дүнтэй эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийж танилцууллаа.

Дэлхий дээр 400 гаруй сая хүн чихрийн шижин өвчнөөр өвдөж байна. Монгол Улсад чихрийн шижин өвчний тархалт 6-8 хувьтай байгаа нь 120 мянган хүн энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай. Үүнээс эмчийн хяналтад бүртгэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа 20, 30 мянга гаруй өвчтөн байдаг.

Монголын диабетын холбооны дэд тэргүүн Ш.Батжаргал, “Би 2008 оноос хойш чихрийн шижин өвчнөөр өвдөж эхэлсэн. Түүнээс хойш найман жил сэтгэл санаагаа тайван байлгаж, хоол хүнсээ зөв тохируулж, дүүргийн эмчийн байнгын хяналтад байвал гар, хөлөө тайруулахгүй, үхэлд хүрэхгүй юм гэдгийг ойлгосон. Өнөөдөр Бат-Очир гэдэг хүн чихрийн өвчин туссан ч эрүүл зөв хооллолт, эмчийн хяналтад хамрагдаж 20 жил амьдарч байна. Хамгийн гол нь идэж буй хоол хүнсээ л зөв зохицуулвал чихрийн шижин тусахгүй. Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүнд идэх хоол олддоггүй. Өнөөдрийн бидний хэрэглэж буй бүх хоол сахартай. Зөвхөн “Талх чихэр” компанийн нэг боорцог, ШУТИС-ийн үйлдвэрийн жигнэлтийн боорцог гээд хоёрхон төрлийн боорцог байдаг. Цагаан будаа, төмс зэргийн хүнс идэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын хуулинд эм тариагаар үнэгүй хангана гэж заасан ч эм тариа нь өнөөдөр хүрэлцэхгүй байна. Манай холбоо энэ бэрхшээлийг олон нийт, төр засагтаа хүргэх зорилгоор холбоогоо байгуулан ажиллаж байна.

Энэ үеэр АШУИС-ийн профессор Х.Алтайсайхан “Хүмүүс орой их хоол идэж байна. Өглөөнийхөө цайг тогтмол уухгүй байна. Хоолоо идэхдээ маш хурдан иддэг. Ерөөсөө хоолыг зажилж идэхээ больжээ. Залуучууд хоорондоо цуйванг “ууж байна” гэж ярилцах юм. Ингэж идсэн хоолны шим тэжээл хүний биед шингэдэггүй. Хоол хүнсээ эхлээд амандаа сайтар зажилж, ходоодондоо химийн боловсруулалт хийж, задалдаг. Тэр задарсан шимт бодисууд нь хүний эд эсэд шингэдэг номтой. Гэтэл сайн боловсроогүй хоол хүнс идээд, ходоодоо идэх юмаар дүүргээд байна гэсэн үг. Ийм амьдралынхаа буруу хэмнэлээс татгалзаж, зөв дадал зуршлыг хэвшүүлэх нь хамгийн зөв арга юм. Эхнээсээ үр дүн гарч байна. Чихрийн шижинтэй хүмүүст сургалт явуулж, нэг цагийн дасгал хийхэд л даралт нь буурч байна. Одоо 30, 40 настай хүний биологийн насыг үзэхэд 70 настай хүнийх шиг байна. Ганц цаг дасгал хийхэд л биологийн  нас нь хоёр насаар залуужиж, эрүүлжиж байгаа” хэмээн онцолж байв.

Д.Өлзий

Related news